Гадаадын иргэний бүртгэл хяналтын нэгдсэн системийг шинэчиллээ

оруулсан Алсын Хараа

Гадаадын иргэн, харьяатын газар цахим үйлчилгээний хүчин чадлыг нэмэх, технологийн дэвшилтэт шинэ боломж бүрдүүлэх зорилгоор гадаадын иргэний бүртгэл хяналтын нэгдсэн системийг шинэчлэн энэ сарын 30-наас үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.

Шинэ системд нэвтрэхдээ immigration.gov.mn хаягаар нэвтэрнэ. Энэ нь төрийн мэдээлэл солилцооны ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбогдож, мэдээлэл солилцох, цахим үйлчилгээний алхмуудыг цөөлөх, үйлчилгээний явцыг хянахаас гадна төлбөр тооцооны цогц шийдэл /Wechat pay, Social pay, Qpay/-ийг багтаажээ.

Тус системд Монгол Улсын иргэн e-mongolia.mn цахим хуудсаар нэг удаагийн кодоор, банкны эрх, тоон гарын үсгээр, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол дахин давтагдашгүй 13 орон бүхий бүртгэлийн дугаар гэсэн гурван байдлаар нэвтрэх боломжтой.

Энэхүү системийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээг жигдрүүлэх, шинэ систем ашиглах боломж олгох зорилгоор энэ сарын 30-наас 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд eimmigration.mn болон шинэ системийг ашиглаж болно. Харин 11 дүгээр сарын 14-ний өдрөөс eimmigration.mn хаягаар хүсэлт хүлээн авахгүйг ГИХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих