БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгслөө гэж тус улсын төрийн телевиз мэдээлжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян Шанхайд амрахаар ирээд байсан байна.
Хятадын төв телевизээр мэдээлснээр, Ли Көчян 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж Шанхайн цагаар 27-ны 00:10 цагт нас баржээ.
Ли Көчян 1955 оны долоодугаар сард Аньхой мужийн Динъюань хошуунд төржээ. 1976 онд Хятадын Коммунист намд элссэн байна. Тэрбээр Бээжингийн их сургуулийг төгссөнийхөө дараа намын янз бүрийн түвшний албан тушаал хашиж байжээ. 2007 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн болж, улмаар 2008 оны гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон байна.
2013 оны гуравдугаар сард Ерөнхий сайд болсон Ли Көчян АНУ, Хятадын хооронд “худалдааны дайн” ид өрнөж байсан хүнд үед Хятадын Засгийн газрыг 10 жилийн турш удирдсан юм. Энэ хугацаанд тэрбээр хувийн хэвшлийн эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, төрийн үйлчилгээг хялбаршуулах тал дээр ихээхэн зүйл санаачлан хийжээ.
Хамгийн сүүлд болсон Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганд Ли Көчян засгийн газрын үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд чуулганы дараа тэтгэвэртээ гарчээ.