ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 27 /VOA/. Израилын арми сүүлийн гурван долоо хоног орчмын турш ХАМАС бүлэглэлийн босогчдыг онилон агаараас цохилт өгч байгаа Газын зурваст пүрэв гарагт хуурай замын цэргийн ажиллагаа явуулснаа мэдэгджээ.
Израилын Батлан хамгаалах хүчний танк болон явган цэргүүд нутаг дэвсгэртээ буцаж ирэхээсээ өмнө “олон тооны террористуудын үүр, дэд бүтэц, танк эсэргүүцэгч пуужин харвах төхөөрөмжүүд рүү довтолсон” гэж мэдэгдсэн байна. Уг ажиллагааг “байлдааны дараагийн үе шатанд” бэлтгэхийн тулд хийсэн гэж уг мэдэгдэлд дурджээ.
Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл гэнэтийн дайралт хийсний улмаас Израилын талд 1400 орчим хүн, голчлон энгийн иргэд амиа алдсаны дараа уг бүлэглэлийг улс оронд нь заналхийлсэн халдлага үйлдэх боломжгүй болгоно гэж Израилын эрх баригчид амласан юм.
Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Газын зурваст амиа алдсан хүний тоо 7000-д хүрсний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Израилын арми 300 мянган нөөц цэрэг дайчилж, Газын зурвасын хилийн ойролцоо цэргээ байрлуулжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагт телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Израил хуурай замын довтолгоонд бэлтгэж байна. Хэзээ, хэрхэн, хэчнээн ажиллагаа явуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэсэн байна.
Б.Нетаньяхугийн онц байдлын танхимын гишүүн, чөлөөнд гарсан генерал Бенни Ганц хэлэхдээ, аливаа хуурай замын довтолгоо нь “аюулгүй байдал, улс төр, нийгмийн асуудлыг багтаасан урт хугацааны үйл явцын зөвхөн нэг үе шат болно, үүнд олон жил шаардагдана” гэж хэлжээ.
Батлан хамгаалахын сайд Йоав Галлантын хувьд, Израил Ливанд байрлаж буй Ираны дэмжлэгтэй Хезболла-гийн дайчидтай тулалдахад бэлэн байгаа ч Газын зурвасаас цааш дайны фронтыг өргөжүүлэх сонирхолгүй байна хэмээн ярьсан байна.