НОБГ: Тухайн айлын байшинд 11 хүн байснаас 5-ыг нь аварсан

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн онцгой байдлын газраас харамсалтайгаар галд шатаж амиа алдсан гэр бүлийн асуудлаар өнөөдөр /2023.10.26/ мэдээлэл хийлээ.


Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 оны эхний арван сарын байдлаар 1400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүний 1300 гаруй нь буюу 80 хувь нь гал түймрийн дуудлага байна. Тэр дундаа ахуйн гал түймрийн дуудлага голлох шалтгааныг эзэлдэг. Ахуйн гал түймэр нь цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс, пийшин зуухны аюулгүй байдал алдагдсанаас, үнс нурмаа ил задгай асгах, бага насны хүүхдээ хараа хяналт тавиагүйгээс үүссэн гал түймрүүд дийлэнх хувийг эзэлдэг. Бид аюул эрсдэлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн гэр хорооллын 11 айл өрхүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Нийслэлийн онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, байцаагч, аврагч, гал сөнөөгч нарыг хамруулж, үзлэг шалгалт, нэгдсэн хяналт шалгалтыг хийсэн.

Нийт 20 гаруй мянган айл өрх хамрагдаж, 6200 гаруй зөрчил дутагдлыг ирлүүлж, газар дээр нь заавар өгч ажилласан. Мөн өчигдөр, өнөөдөр Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд нэгдсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн онцгой байдлын хэлтэс, анги салбарууд хамтран ажиллаж, иргэдийг хамруулж байна.

Энэ долоо хоногийн Даваа гаригт Баянзүрх дүүргийн хоёр айл өрхөд гал түймэр гарч, хоёр хүн харамсалтайгаар нас барсан. Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн нэг айлд гал түймэр гарч, долоон хүн харамсалтайгаар нас барлаа. Хэлсээр байтал гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Албаны урьдчилан сэрэмжлүүлэг, мэдээллийг анхаарч хараасай. Энэ жил гурван том аяныг зохион байгуулж ажилласан. Онцгой байдлын газрын сэрэмжлүүлгийг онцгойлон авч, анхаараач ээ. Гал түймэр таны амь нас, эд хөрөнгийг үгүй хийж байна. Насанд хүрсэн хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гал түймэр гардаг.

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд байрлах айл өрхөд гал түймэр гарсан. Дуудлага мэдээллийг 03.48 цагт ирж, дүүргийн онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид хугацаа алдалгүй очсон. Гурван километр зайтай байсан. Хүн бөх унтаж байх үеэр гал түймэр гарсан учраас гал аль хэдийнэ дэлгэрсэн байсан. Мэдээллийг хожуу өгсөн гэсэн үг. Нэмэлтээр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар анги ажиллаж, хоёр цаг 30 минутад 30 алба хаагч, дөрвөн техниктэй ажиллаж бүрэн унтраасан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлсэн. Шинжээч хэргийн дүгнэлт хийхээр ажиллаж байна. Гал түймэр гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Мансарттай, граштай өвлийн тоосгон байшин байсан. Мөн залгаа жижиг байшин байсан ч галд автаагүй. Галлагаа, цахилгаан ямар байсныг шалгаж байна. Тухайн айлд олон тооны 11 хүн байсан. Гал түймрээс таван иргэн аврагдаж гарсан. Харамсалтайгаар долоон хүн нас барсан. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байна" гэдэг мэдээллийг өглөө.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл бичих