Авлигатай Тэмцэх Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж, сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "Нүүрс, газар олголт, барилга байгууламж, допинг, ногоон автобус, БЗС-тай холбоотой хэргүүдийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд товч мэдээллийг хүргэе.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бүлэг орд газраас төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой ХК" нь нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажил, дээрх үйл ажиллагаануудыг хэвийн явуулах зорилгоор төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг үйл ажиллагаанд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгохоор улсын Ерөнхий прокурорын тогтоолоор эрх бүхий байгууллагуудаас ажлын хэсэг томилон шалгаж байгаа.
Дээрх байгууллагууд нь өөрсдийн харьяаллын эрүүгийн хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АТГ-аас нүүрсний гэх тодотголтой буюу дээр дурдсан үйл ажиллагааны явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмж, 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, нийт 72 хэргийг шалгасан.
Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна. Найман хэргийг нэгтгэн шалгаж байгаа. 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн.
10 хэргийг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргээс зургаа нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бол дөрвөн хэрэг шүүхэд хянагдаж байна.
Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа. Үүнээс гадна шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, гадаад улсын эрх бүхий байгууллагууд хамтран ажиллахаар хандсан хариуг хүлээх, оролцогчдын зүгээс гаргаж буй санал хүсэлтийг шийдвэрлэх зэргээс шалтгаалан цаг хугацаа орж байна.
Нүүрстэй холбоотой хэргүүд нэг цаг хугацаанд нэгэн зэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй. Учир нь зарим хэрэг цөөн үйлдэлтэй, оролцогчтой бол зарим нь олон жил үргэлжилсэн олон үйлдэл, оролцогчтой байгаа" гэв.