Сүүлийн хоёр сарын турш олны өмнө үзэгдээгүй Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг тус улсын эрх баригчид албан ёсоор огцруулжээ. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд оронд нь томилох хүнийг ч мөн зарлаагүй байна.
Энэ оны долоодугаар сард Гадаад хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Чинь Ган зэрэг цэргийн хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцруулсны дараа Ли Шанфуг огцруулжээ. Чинь Ган, Ли Шанфу нарыг мөн мягмар гарагт Төрийн зөвлөлийн албан тушаалаас чөлөөлсөн байна. Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо тэднийг огцруулахыг зөвшөөрсөн тухай тус улсын төв телевиз мэдээлжээ.
Энэ долоо хоногт Бээжин хотод гадаадын батлан хамгаалахын төлөөлөгчдийг хүлээн авахаар бэлтгэж байгаа үед Ли Шанфуг огцруулснаар Хятад улс Батлан хамгаалахын сайдгүй болж байна. Түүнийг тоног төхөөрөмж худалдан авах, хөгжүүлэхтэй холбоотой авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар Reuters агентлаг өнгөрсөн сард мэдээлж байлаа.
Ли Шанфу хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Хятад-Африкийн аюулгүй байдлын чуулганы үеэр олны өмнө харагджээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг энэ оны гуравдугаар сараас хашиж эхэлсэн юм. Хиймэл дагуул, пуужин хөөргөх төвөөс ажлын гараагаа эхэлсэн сансрын инженер, генерал Ли Шанфу нь цэргийн болон улс төрийн элитүүдийн эгнээнд жигдхэн өгсөж чадсан нэгэн юм. 2018 онд тэрбээр армийн техник хэрэгсэл хөгжүүлэх хэсгийг ахалж байхдаа Оросын байлдааны нисэх онгоц, зэвсгийг худалдан авсан хэргээр АНУ-ын Засгийн газрын хориг арга хэмжээнд өртөж байв.
Чинь Ганы хувьд Хятадын Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш долоон сарын дараа огцорсон юм. Түүний огцрох болсон шалтгааныг мөн адил олон нийтэд мэдэгдээгүй боловч Wall Street Journal сонин түүнийг АНУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан хэмээн эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Үүнээс хойш удалгүй цөмийн зэвсгийн асуудал эрхэлсэн элит нэгжийн хоёр удирдагч солигдсон нь “цэвэрлэгээ” хийж байна гэх таамаглалыг олон нийтийн дунд бий болгосон байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн пуужингийн хүчний ангийг удирдаж байсан генерал Ли Ючао болон түүний орлогч нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гарахаас өмнө мөн хэдэн сарын турш “алга болжээ”.