БНХАУ-ын Ханжөү хотод Азийн зуны спортын IV пара наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр энэ наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болж байна. Түүний өрсөлдсөн жинд Ираны таеквондоч мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчид хүрэл медалийн тавцанд гарлаа.
Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг зөвхөн таеквондогийн төрөлд нэг алт, нэг мөнгөн медальтай болж байна. МУГТ Г.Болор-Эрдэнийн хувьд пара таеквондогийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальтай тамирчин юм.