АНУ-д болсон жагсаалын үеэр 300 гаруй хүнийг баривчилжээ

оруулсан Алсын Хараа

/ABC/. Израил-ХАМАС бүлэглэлийн дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр Капитолын ордны цагдаа нар 300 гаруй хүнийг баривчилжээ.

Тэдний ихэнх нь Капитолын толгодод жагсаал хийсэн хэргээр баривчлагдсан гэж Капитолын ордны цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Энэ сарын эхээр Израилд террорист халдлага үйлдсэн Палестины ХАМАС зэвсэгт бүлэглэл болон Израил хоорондын мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан олон зуун хүн лхагва гарагт АНУ-ын Капитолын цогцолбор болон уг цогцолборын гадна жагсжээ.

Зүүн жигүүрийн еврей бүлэглэлийн зохион байгуулсан жагсаалд оролцогчдын зарим нь Капитолын цогцолборын “Cannon House” оффисын байр луу дайран орсон гэж цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр  болсон томоохон хэмжээний жагсаалын үеэр мөн Цагаан ордонд үүнтэй төстэй үйл явдал болж, олон арван хүнийг баривчилсан юм.

Эсэргүүцэгчид бусад хүмүүсийн нэгэн адил Капитолын цогцолборт зохих журмын дагуу нэвтрэх боломжтой бөгөөд харин үймээн самуун дэгдээсэн тохиолдолд л асуудалтай тулгардаг гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр, лхагва гарагт тус цогцолборт хүч нэмэгдүүлэхээр ойр орчмын цагдаагийн хэлтсүүд, тэр дундаа Вашингтон хотын Цагдаагийн газар болон Виржиниа муж улсын офицерууд ирсэн байна.

Сэтгэгдэл бичих