Монгол Улсын хилээр энэ оны эхний 9 сард 3 879.7 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2 614.5 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар 1 942.1 мянган зорчигч хилээр орсны 1 421.0 (73.2 хувь) мянга нь Монгол Улсын, 521.1 (26.8 хувь) мянга нь гадаад улсын иргэн байв. Дээрх хугацаанд хилээр орсон гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 299.1 мянгаар буюу 2.4 дахин нэмэгдсэн бөгөөд тэдний 89.4 хувь нь 30 хүртэл хоног, 2.5 хувь нь 60-90 хүртэл хоног, 8.1 хувь нь 90 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 33.8 хувийг ОХУ, 24 хувийг БНСУ, 19.2 хувийг БНХАУ, 3.3 хувийг Казахстан, 3.2 хувийг Япон, 2.4 хувийг АНУ, 14.1 хувийг бусад улсын иргэн эзэлж байна.
Харин манай улсын 1 437.5 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний есөн сард гадаадад зорчсоноос 961.7 (66.9 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 680.8 мянга буюу 3.4 дахин өссөн бол 475.9 (33.1 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суухаар зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 328 мянгаар буюу 3.2 дахин өсжээ.
Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 1 366.9 мянга нь (95.1 хувь) 30 хүртэл хоног, 15.6 мянга нь (1.1 хувь) 60-90 хүртэл хоног, 55.1 мянга нь (3.8 хувь) 90 ба түүнээс дээш хоногоор явсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.