Газын зурвасын Аль-Ахли эмнэлэг цохилтод өртсөний дараа Иордан улсын эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены оролцох дөрвөн талын дээд хэмжээний уулзалтыг цуцалж байгааг мэдэгдлээ.
Үүнээс өмнө Палестины тэргүүн Махмуд Аббас уг дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан юм. Пүрэв гарагт болох байсан дээд хэмжээний уулзалтад Ж.Байден, М.Аббас нараас гадна Египетийн Ерөнхийлөгч, Иорданы хаан оролцох ёстой байв.
Иорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади дээд хэмжээний уулзалтыг цуцалсныг зарлахдаа "Дайныг зогсоохоос өөр зүйл ярих нь одоо утгагүй" гэж мэдэгджээ.
Ж.Байден Ойрхи Дорнод руу явж байгаа бөгөөд лхагва гарагт Израилын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна. Харин дөрвөн талын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Иорданд хийх түүний айлчлал цуцлагдсаныг Цагаан ордон баталжээ.
Газын зурвасын төвд орших баптист эмнэлэг мягмар гарагт агаарын цохилтод өртсөн байна. Израилын армийн цохилтын улмаас олон зуун хүний амь эрсэдлээ гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Палестины эх сурвалжуудын мэдээлснээр, 500 орчим хүн амиа алдсан байна. Харин Израилын цэргийнхэн Палестины “Исламын жихад” бүлэглэлийн харвасан пуужингийн улмаас уг эмгэнэлт явдал болсон гэж мэдэгджээ.