Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 146,477,966,616.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК-аас 112,513,813,886 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК , “Бэрэн майнинг” ХХК нараас 20,416,902,222 гаргуулж, “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,547,250,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн эдгээр компаниуд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийджээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК-аас 135,811,470,481 төгрөгийг гаргуулж, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,666,496,135 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.