Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар орчны аюулгүй байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийжээ. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг хянаж, арилгах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Энэ үеэр Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал “Орчны аюулгүй байдлын стандартыг хангах албан мэдэгдлийг барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгахын тулд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газраас эмхэтгэл, тавигдах шаардлагыг гаргасан. Энэ шаардлага, стандартыг барьж ажиллавал барилгын компаниуд орчны аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой юм” гэлээ.
Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан гурван барилга, байгууламжид судалгаа явуулахад нэг өдрийн дотор 15 мянган иргэн автомашинтай болон явганаар барилгын дэргэдүүр зорчих хөдөлгөөн хийдэг байна. Иймд орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, явган хүний зам, автомашины орох, гарах хэсэг, барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүргийг барилгын компаниудад өгсөн байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс “Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн албан мэдэгдлийн хугацаа ирэх сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Үүнээс цааш дахин мэдэгдэл хүргүүлэхгүй, хэрэв стандарт, шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоож, торгуулийн арга хэмжээ авна. Энэ тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагууд орчны аюулгүй байдлын зөрчлөө арилгасны дараагаар үйл ажиллагааг нь сэргээх асуудал яригдана. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй тодорхой үүрэг чиглэл өгч, стандарт, зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байгаа” гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс