Замын-Үүд дэх гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын "Соёл, спортын ордон"-д зохиогдож, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодогложээ.
Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Од групп", "Их Монгол" сан, "MGO trans" ХХК-ийн бөх Монгол Улсын аварга О.Хангай 6 даван түрүүллээ.
Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давж, улмаар аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.
Шөвгийн дөрвөн бөх:
Улсын аварга О.Хангай
Улсын харцага Н.Золбоо
Улсын начин Б.Түмэндэмбэрэл
Улсын заан Б.Бат-Өлзий