“...Улаанбаатарын утаа наашилж, улс төрийн МАНАН өндийв” хэмээх тойм мэдээнүүд

оруулсан Алсын Хараа

Б.Дамдин-Очир

 

Долоон жил гацсан “Эрдэнэтийн 49” шүүхэд шилжсэн нь улс төрд доргилт өгөх үү?!

Шүүхээс өнгөрсөн долоо хоногт, 2023 оны аравдугаар сарын 12-нд “...НПГ-аас Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авлаа” гэж мэдээлэв. Энэ хэргийг товчоор нь “Эрдэнэтийн 49” гэдэг. “Эрдэнэтийн 49”-ийн асуудал 2016 оноос хойш долоон жил прокурор, мөрдөгч хоёрын дунд явсан. Сая шилжжээ. Гэхдээ “...Энэ хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэдэг сураг гараад багагүй уджээ. Түүнээс хойш төрхийн өндөр дээд албан тушаал хашиж явсан нэр нөлөө бүхий улстөрчид хүмүүс ойр ойрхон, хөдөө гадаагүй уулзах болсон байна. Мэдээж, шалтагтай. Зун Хөвсгөлд амарсан. Тэнд хэн хэн алжаалаа тайлсан нь мэдэгдсэн. Тэд Булганы Хутаг-Өндөрт загасчилсан. Нэр бүхий хүмүүс явсан. Бас Төв аймгийн Эрдэнэ сум дахь авто уралдаан үзсэн. Уулзсан хүмүүс нь тодорхой болжээ. Удахгүй Хар зүрхний нуурын тахилга болно. Тэнд уулзахаар болзжээ. Уулзах хүмүүсийн нэрсийн жагсаалт ч гарчээ. Ер нь бол шүүх “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг хэлэлцэх нь МАНАН-гийнханд аюул болно. Тиймээс сүүлийн жилүүдэд мартагдах дөхөөд байсан МАНАН-гийнхан ойрын үед байн байн уулзалдах болсон хэрэг. Эд том улстөрч олонтой. Тэр утгаараа, эрх ашгаа хамгаалахын тулд Монголын улс төрийг доргиож болзошгүй байна.

Нүүрсний сонсгол “хөдөлж” нүүрсчид бужигнаж байна

Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын суудлыг Х.Нямбаатарааас Нүүрсний сонсголын ажлын хэсгийн ахлагчийн албан тушаалтай нь өвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ ийм шийдвэр гаргасан байна. Нүүрсний сонсгол бол яахын аргагүй нийтийн анхаарлын төвд орчихоод байгаа юм. Учир нь энэ сонсгол явах эсэхээс нүүрсний хулгай шийдэгдэх үү, үгүй юу гэдэг нь шалтгаална. Б.Энхбаярын хувьд өнгөрсөн хавар Хөгжлийн банкны сонсголыг гардаж зохион байгуулсан. “...Тэр сонсголыг сайн зохион байгуулсан” гэж үнэлдэг. Тэр утгаар нь нүүрсний сонсголыг зохион байгуулчих болов уу гэж олон нийтийн зүгээс найдлага тавьж байна. Магадгүй, энэ нь түүний ХЗДХ-ийн сайд болоод хэр зэрэг ажилласныг нь дүгнэх хамгийн том үнэлгээ болж магадгүй юм. Гэхдээ нүүрсний сонсголыг явуулах тун хэцүү. Өмнөх хоёр ажлын хэсэг нь жил хагас ажиллаад хийж чадаагүй юм. УИХ-ын гишүүн Г.Ганболд жил шахамд нь ажлын хэсгийг ахалсан. Түүнээс Х.Нямбаатар аваад хагас жил орчим болж байна. Ер нь бол нүүрсний сонсголыг явуулахад улс төрийн элдвийн шахалт, дарамт ирэх магадлал өндөр гэдэг. Гэхдээ Б.Энхбаяр өөрөө ямар нэг нээнтэг, сэжүүргүй бол тэр нөлөөлөхгүй. Ямартай ч тэрбээр нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг гартаа авлаа. “...Б.Энхбаяр гэдэг улстөрч цаашдаа ямар түвшинд улс төр хийх чансаатай үлдэх вэ” гэдэгт нь энэ ажил том шалгуур болно.

Түүнийг нүүрсний ажлын хэсгийн ахлагч болж байх зуурт нүүрстэй холбогдсон улстөрчид нэлээд сандарч, бужигнасан гэх мэдээлэл яригдаж байна. Тэдний хувьд ямар нэг акц хийгээд энэ хулгайгаа цайруулах, мултрах аргагүй юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсгол “хөдөлж” нүүрсчид бужигнаж байна. Тиймээс адилхан авлигын асуудалд холбогдож, “зовлон”-д унасан нөхдүүдтэй нийлэх талаар ажиллаж эхэлжээ. Нөгөөдүүл нь газрын наймаа, “Эрдэнэтийн 49” гээд ойрд хууль хяналтынхны ширүүхэн ажиллагаанд өртөх болсон хүмүүс гэсэн үг л дээ. Тэдний аль алийнх нь “дайсан” бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, түүний ар дахь Засгийн газар болж таараад байгаа юм.

Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу?!

“...МАНАН өндийж байна” гэж гадуур яриад эхэлсэн нь Х.Нямбаатар хотод томилогдсонтой холбоотой. Тэрбээр “...Хотын авлигын өнгөрсөн 30 жилийн хатигийг шахна” л гэсэн. Үнэндээ дээрх хугацаанд хотын авлига “үүц” болтлоо бугшсан. Нэг илрэл нь нийтийн тээврийн автобусны худалдан авалт сая ил болсон. Төрийн нууцад аваагүй хэчнээн асуудлыг “...Нууц” гээд нууцаар хийчихсэн нь тодорхойгүй байгаа юм. Түүнээс гадна газрын наймаа гэдэг том асуудал бий. Нууцаар халхавчилсан худалдан авалтаас илүү ноцтой. Энэ дээр экс Мээрүүд эвгүйтэх сураг дуулдаж байна. Х..Нямбаатар Хотын мээр болоод очиж байгаагийн учир энэ бололтой. Түүний хувьд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байсан. Баргийн улстөрчийн хүрдэггүй карьерт тулсан. Харин Хотын мээр гэдэг бол буугаад очиж байгаа хэрэг юм. УИХ дээр том том асуудал ярьдаг байсан хүн Хотын хурлын 45 төлөөлөгчийн өмнө ажил нэхүүлээд, тайлангаа тавиад суух болж байгаа юм. Хот бол асуудлаар дүүрэн. Олонх нь бүтэлгүй талдаа байдаг. Адаглаад л Улаанбаатарын утаа гэж айхтар юм байна. Утаа наашилж байна. Утааг бууруулна гээд олон жил төсөв, төслийн хөрөнгийг дэмий үрсэн байдаг. Эцэст нь янданг цөөлөхөөс өөр утааг бууруулах арга байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Х.Нямбаатар энэ тал дээр юу гэж үздэг юм, бүү мэд. “...Хотын бонд босгоод, энэ жил 32 орчим тэрбумаар нь Хятадаас кокс нүүрс авчирч түлнэ” гээд Эрчим хүчний сайд яваад байна. Үүнийг дэмжвэл Х.Нямбаатар буруутна. Энэ мэтийн улс төрийн карьертаа нэгмөсөн цэг хатгаж мэдэх эвгүй асуудал хотод олон бий. Харин тэрбээр ингэж суухын тулд “...Ирэх сонгуульд нэр дэвшихгүй” гээд амлачихна лээ. Хэцүү л дэнчин болж сонсогдсон. Гэхдээ “...Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу, үгүй юу” гэдгээс бүх зүйл шалтгаална л даа.

Х.Баттулга, С.Баярцогт хоёр “барилдаж”, Лу.Гантөмөр “засуул” хийж байна

Ер нь бол “...АН эвлээд байна уу, эвдрээд л яваад байна уу” гэдэг нь мэдэгдэхгүй болсон. Наанаа нийлээд гүйгээд байгаа мэт байдаг. Гэвч цаанаа намын дарга нь хоёр экс Ерөнхийлөгчийн хайчинд орчихоод удаж байгаа юм. Сүүлд, нэг нь “эрхээ шилжүүлж”, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт төлөөлөх болжээ. Харин Х.Баттулга нь өөрөө фракцаа удирдаад, намаа дагаад л жирийж байна. Гэхдээ маапаан ихтэй.

АН-ын ҮБХ сар гаруйн өмнө хурлаа нээсэн. Арав гаруй дэд дарга томилоод зогссон. Харин генсекээ томилж чадалгүй завсарласан. ҮБХ-ны хурал нээлттэй хэвээр үлдсэн.. Генсек хэн бэ гэдгээ одоо хүртэл тогтож чадахгүй л байна.

Чухамдаа АН-ын ҮБХ-ны хурлаас хойш Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүн Лу.Гантөмөрийн “шүдний өвчин”, бас “уураг тархи” нь болчихоод байгаа аж. Нэг үгээр хэлбэл, АН-ын дээгүүр түвшиндээ МоАХ, “Од”, “Нэг Монгол” гэсэн гурван фракцын дунд зодоон болж байна. “...Нэг нь нөгөөгөө АН-аас шахаад “Нэг Монгол”-тойгоо үлдэнэ” гээд л үзэж тарж байгаа аж.

Яагаад гэхээр генсек дээрээ тохирч амжаагүй байтал намынх нь эмэгтэйчүүд хуралдаад ерөнхийлөгчөө сонгосон. Тэр сонгуульд Х.Баттулга ч, С.Баярцогт ч хүнээ сойсон. Х.Баттулга А.Адьяасүрэнгээ, С.Баярцогт Б.Пунсалмаагаа зүтгүүлсэн. Хэнийх нь ч хүн гараагүй.  Хоёулаа бухимджээ. Ингээд намынхаа дунд, доод шатыг гартаа авахаар хоёр тийшээ гараад гүйжээ. Нэлээд л ажиллаж байгаа мэдээлэл байна.

Тэгж байтал Нийслэлийн АН-ын даргын сунгаа юу юугүй яригдаад эхэллээ. Х.Баттулгын зүтгүүлж буй, МоАХ-д харьяатай, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт С.Эрдэнийн АН-ын даргаар сонгогдож, “Од” фракцад харьяалагддаг байсан, одоо С.Баярцогтын дэмжлэгтэй М.Тулгат, УИХ-ын гишүүд хийгээд АН-ын даргын “Нэг Монгол” фракцаас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Энэ чамгүй том зодоон болно.

Энэхүү албан ёсны сонгуулийн хажуугаар АН-ын хэсэг гишүүд “...С.Баярцогтыг эсэргүүцэж байна” гээд хэвлэлийн хурал хийгээд гарч ирсэн. Энэ санаачилга яваандаа давалгаа болж мэдэхээр байгаа юм.

Мөн Х.Баттулга МоАХ-ныхоо хурлыг 2023 оны арваннэгдүгээр сарын дундуур Бөхийн өргөөнд хийж магадгүй байна. Тэр хурал дээр “...С.Баярцогтыг АН-ын удирдлагаас холдуулах уу, эсвэл МоАХ-ноос нам байгуулах уу” гэдгээ ярих сураг мэдээ бий.

Үнэхээр ч Х.Баттулгын зүгээс ийм байр сууриа шууд илэрхийлэх болжээ. Тэрбээр саяхан Лу.Гантөмөрт “...Би генсекээ аваад больё. С.Баярцогтыг ч боль гэж хэл” гэсэн байна. Үүнийг нь С.Баярцогт дуулаад нэлээд бухимджээ. Ерөнхийдөө, эцсийн бүлэгт АН-ын генсек гэдэг Х.Баттулгын ч, С.Баярцогтын ч хамгийн их сонирхож байгаа суудал болоод байна. Лу.Гантөмөр ч өөртөө ганц үлдсэн “тулах цэг”-ээ алдахгүйг бодож буй. Дээрээс нь УИХ-ын гишүүд “...Бид намын юунд ч ороогүй, аваагүй. Генсекээ авъя” гэжээ. Ийм тал талын сонирхол генсекийнх нь ганц суудал дээр олдчихоод “өлдчихөөд” байгаа юм. Гол нь Х.Баттулга, С.Баярцогт хоёр ийн “барилдаж”, намын дарга Лу.Гантөмөр голд нь “засуул” хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)

Сэтгэгдэл бичих