Улаанбаатар хотын ихэнх хэсэгт өнөөдөр газ үнэртсэн нь иргэдэд түгшүүр төрүүлсэн. Иймд Онцгой Байдлын Ерөнхий Газар, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хүрээлэнгээс тодрууллаа.
Тухайлбал, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр нийслэл хотын агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмждэг. Эдгээр үзүүлэлтийн зарим нь хэвийн, зарим нь хэвийнээс бага зэрэг давсан байдалтай байгааг хэлсэн.
Харин Онцгой Байдлын Ерөнхий Газраас "Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө онцгой байдлын байгууллагад хийн түлш алдагдсан, хийн түлш дэлбэрсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй.
Цахим орчинд тархаж байгаачлан Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдсан, дэлбэрсэн гэх мэдээллийн мөрөөр холбогдох дүүргийн онцгой байдлын хэлтсээс хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар дүүргүүдийн онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-уудад хэрэглээ болон хадгалалтын талаар хяналт шалгалт хийж байгаа" гэв.
Түүнчлэн ОБЕГ-аас хийн түлш ашигладаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан аюулгүй байдлаа хангаж, хийн түлш ашиглалтын горим, зааврыг чандлан сахихыг анхаарууллаа.