“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер шинэ стратегиа танилцууллаа

оруулсан Алсын Хараа

УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ арга хэмжээнд “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн хэлсэн үгийг хүргэж байна. 

Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.

  • Эн тэргүүнд уул уурхайн салбараар овоглох бидэнд нэгэн дээвэр дор цуглах боломж олгож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол Уул уурхайн үндэсний ассоциаци, энэхүү чухал ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
  • Уул уурхайн салбар, түүнд хөрөнгө оруулагчдыг уулзуулж, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хүчин зүйлсийг тодорхойлон, нэгдмэл ойлголтыг бий болгох суурийг дэвсэхэд энэ мэт уулзалт, яриа асар чухал ач холбогдолтой билээ.
  • Энэ бол биднийг нэгтгэх нэгэн шалтгаан, зорилт юм.
  • Бодлого боловсруулагчид, гадаад , дотоодын мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, аж ахуйн нэгжүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг илэн далангүй, нээлттэй санал солилцох боломжийг “Уул уурхайн долоо хоног” олгож дээрх зорилтод хүрэх орон зайг бүрдүүлж буй.
  • Дэлхий ертөнцөд асар том өөрчлөлт өрнөж байна. Шинэ тутам технологи төрөн гарч хэдхэн жилийн өмнө боломжгүй хэмээн бодож байсан үл мэдэх орон зайд нэвтрэх, улмаар олон зүйлийн түгжээ тайлагдсаар байна. Нөгөөтэйгүүр, ур чадварын буюу чадварлаг мэргэжилтний хомстол, геополитикийн хурцадмал байдал хийгээд цаг уурын өөрчлөлт гэх зэрэг сорилтууд ажлын арга барилаа эргэн харах, түүнийгээ сайжруулах зайлшгүй шаардлагыг үүсгэв.
  • Зэсийн салбар технологийн хөгжлийн цар хүрээг тэлж, дэлхийн ертөнцийг цахилгаанжуулах хийгээд илүү гэгээлэг ирээдүйд хүргэх чухал хөдөлгүүр болж буйн хувьд та бидний ирээдүйг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэнэ.
  • Хүн төрөлхтөн илүү цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр  2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж жилд 50 орчим сая тоннд хүрэх төлөвтэй байна. Зэсийн эрэлт нийлүүлэлтээс ойрын ирээдүйд давах талаар тооцоо судалгаанд ч өгүүлэх боллоо.
  • Манай өрсөлдөх чадварын давууд талууд болох Оюу толгойн гайхалтай ур чадвартай, зүтгэл дүүрэн хамт олон, бишрэм хүдрийн биетүүд, он удаан жилийн явцад болон ирээдүйд бий болох түншүүд биднийг улс орны хөгжил дэвшилд дорвитой үүрэг гүйцэтгэхэд давуу байдал олгож байна.
  • Оюу толгойг өнгөрсөн богино түүхээс нь хэтийн ирээдүй рүү нь хөтлөх нэгэн гайхалтай мөчлөг ирлээ. Гүний уурхайн үйлдвэрлэл өсөн нэмэгдэхийн хэрээр бидний ирээдүйн зам улам дардан болсоор байна.
  • Харин хамгийн эерэг үр нөлөөг оролцогч талуудад бий болгохын сацуу өнөөгийн болон хождын сорилт бэрхшээлийг удирдаж, даван туулахын тулд ур ухаанаа сийлж, “7 хэмжиж нэг огтлон” боловсруулсан урт хугацааны зорилго, зорилт бүхий төлөвлөгөө хэрэгтэй.
  • Иймийн учир Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл компанийнхаа шинэчилсэн стратегийг дээр дурдсан давуу талууддаа суурилан баталж үйл ажиллагаа, хүсэл эрмэлзлээ хөдөлшгүй уясан билээ.

---

  • Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
  • Манай стратегийн энэ нэр ирэх 10 жилийн тэмүүллийг маань бүрэн дүүрэн шингээж чадсан хэмээн миний бие үзэж байна.
  • Тус стратеги нь бидний хүсэл тэмүүллийн охийг шингээхийн сацуу түншлэгч талуудын дуу хоолойг багтаасан. Мөн түүнчлэн хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ Сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичиг болоод Рио Тинто компанийн зорилго, зорилттой нийцэж буй юм.
  • Чухалчлан дурдвал зохих нэгэн зүйл хэмээвээс энэхүү баримт бичиг 300 гаруй үндсэн болон гэрээт ажилтнуудын саналд үндэслэгдэн бидний зүрх сэтгэлийн гүнд орших манай хамт олон суурилан боссон.
  • Стратегидаа бид тогтвортой хөгжил болон цаг уурын хямрал, өөрчлөгдөн буй дэлхийн дэг жаяг, шинэ технологи, түүнийг дагасан цахимжилт, мөнхүү улс төр эдийн засгийн тааварлашгүй нөхцөл зэрэг өргөн цараа хүрээг хамарсан их өөрчлөлтүүдийн нөлөөгөөр ирээдүйд үүсэж болзошгүй өрнөл буюу сценарийг тооцсон болно.
  • Анхаарал халамж, зоримог шийдэмгий, сониуч соргог зэрэг суурь үнэт зүйлдээ тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хувьд тэргүүлэх чиглэл болгох шаардлагатай хэмээн дөрвөн чиглэлийг тодорхойлсон. Үүнд:
    • Хамт олон: Шилдэг ажил олгогч байна
    • Хамтын ажиллагаа: хөгжил дэвшлийн түнш байна
    • Хөрст дэлхий: Байгаль орчноо эрхэмлэн хамгаална
    • Хүртэх өгөөж: Тогтвортой үнэ цэн бүтээнэ
  • Тэргүүлэх чиглэлүүдээ нэг бүрчлэн та бүхний сонорт дуулгая.
зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

---

ХАМТ ОЛОН

  • Манай стратегийн цөмд манай хамт олон оршино.
  • Манай гайхалтай ур чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй хамт олон тэдний бахархалтай төлөвшүүлэн ажлын соёл биднийг дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхай болгох хөдөлгүүр.
  • Миний ахин дахин давтдаг зүйл бол хамгийн том уурхайн эгнээнд орж гэмээнэ хамгийн том эерэг өөрчлөлт дуудаж чадна.
  • Санаа тавьсан, оролцоо хангагдсан, хүндэтгэгдсэн хүн, хамт олон дэвжиж дээшилдэг. Хэн ч бай, ямар ч хамт олон бай чухамхүү хүйс, албан тушаал, арьс өнгө, яс үндэс болон бусад ялгаанаас үл хамаарч оролцоо хангагдсан, аюулгүй бөгөөд заяагдмал эрх нь хүндэтгэгдсэн тэр л ажлын орчинд өөрийгөө нээж, басхүү  авьяас чадвараа үл харамлан, түүнийгээ дайчлан ажиллана.
  • Бид хамт олноо ажлын талбар дээр чухам ийм байхыг хүсдэг.
  • Аюулгүй ажлын байр бол энэ бүхний эх үндэс. Манай хамт олны бий болгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын нэгэнт тогтсон хэм хэмжээ, соёлын ачаар Оюу толгой өдгөө Рио Тинто группийн хэмжээнд хамгийн аюулгүй уурхайн нэг болоод байна. Сүүлийн арван жилийн хугацаанд гэмтэл бэртлийн давтамжийг 50 хувь бууруулж, 2023 оны 2 дугаар улирлын байдлаар энэ үзүүлэлт 0.20 байна. Бид цаашид эндэгдлийг тэг хэвээр хадгалж осол бэртэл, өвчлөлийг доод түвшинд байлгахыг эрмэлзэх болно.
  • Аюулгүй байдал бол дан ганц осол бэртэл, өвчлөлтийг бууруулахын тухайд бус өргөн хүрээтэй ойлголт болохыг ахин тэмдэглэе. Энэ ойлголтод оролцоо хангагдах, хүндлэгдэх, эрх тэгш байх явдал мөн багтана.
  • Оюу толгойн гүний уурхайд 500 орчим эмэгтэйчүүд оператор, цахилгаанчин, тэргүүн эгнээний удирдах албан тушаалд ажиллаж байна. Одоогоор компанийн ажиллах хүчний 23 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Бид үүнээс хол давсан амжилт гаргаж чадна хэмээн үзэж байгаа бөгөөд шинэчлэгдсэн стратегийн хүрээнд урт хугацаанд эмэгтэй ажилтны харьцааг 50 хувьд хүргэхийг зорьж байна.
  • Зарим хүнд энэ зорилго хэт дэврүүн санагдаж магадгүй.
  • Хариу болгож нэгэн түүх хуваалцъя. 2004 онд Оюу толгойд туслах албан тушаалд нэгэн эмэгтэй ажиллаж байв. Түүний сонирхолд үндэслэн “Бобкэт” хэмээх жижиг оврын сэрээт өргөгч буюу бидний нэрлэж заншсанаар “по” жолоодож, ашиглаж сурах сургалтад хамрагдах санал тавьсан юм. Түүний хамтаар өөр нэг эмэгтэй энэхүү сургалтад хамрагдаж, бүр илүү хүнд даацын тоног төхөөрөмж дээр ажиллаж сурчээ. Удалгүй тухайн үед уурхайн хамгийн хүнд даацын тээврийн хэрэгсэл болох “Катерпиллар” ачааны машин жолоодож сурсан байна. Та бүхэн амьдралдаа хэзээ ч жолооны ард сууж байгаагүй эмэгтэй 8 метр урт, 4 метр өргөн, 3.5 метр өндөр ачааны машин жолоодож сурсан гэвэл итгэх үү? 2011 онд ил уурхай ашиглалтад ороход тэрээр манай анхны эмэгтэй оператор болж 290 тонны жинтэй Комацү “барьж” эхэлсэн юм. Өнөөдөр манай 784 операторын 131 нь буюу 17 хувь нь эмэгтэй. Өнгөрөгч долоо хоногт гүний уурхайд ачааны авто машин жолоодож буй эмэгтэйтэй уулзсан. Эдгээр жишээ энэ бүгд биелэх боломжтойг нотлон харуулсан.
  • Хоёрдугаарт, ажил олгогчийн хувьд бид, ажилтнууддаа дуу хоолойгоо илэрхийлж сэтгэл зовоосон асуудлаа эмээлгүй илэрхийлэх тийм ажлын орон зай үүсгэхийг эрмэлздэг. Бие биеэ хүндэтгэсэн ажлын байр бий болгох жорын нэгэн чухал найрлага бол дуу хоолойгоо хүргэх аюулгүй орчныг бүрдүүлэх явдал юм.
  • Бид энэ чиглэлд ахиц гаргах ёстойг бидний сонссон мэдсэн харуулсан. Бэлгийн дарамт, дээрэлхэлт, үл хүндэтгэсэн харилцааны таагүй мэдээ дуулдсаар байгаа тул тухайлсан ажлын хэсэг байгуулж, хаана асуудал байгааг нарийвчлан тодорхойлж, зөв зүгт залах шат дараатай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
  • Түүнчлэн хамт олныхоо бие махбодын болон сэтгэлзүйд анхаарч байна. Бид цусны даралт хэмжих, цусан дахь сахарын агууламжийг тогтоох зэрэг эрүүл мэндэд чиглэсэн ажил, арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж байна. Эдгээрт манай 12 мянган ажилтан хамрагдсанд миний бие сэтгэл хангалуун байгаа.
  • Оюу толгойн амжилтад сурч боловсрох, түүнийгээ бусадтай хуваалцах нь шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гэдэгт бид итгэдэг. Бид зогсолтгүй сурч, илүү аюулгүй, илүү тохиромжтой арга барилд суралцаж байна. Манай ажилтнуудын мэргэжлийн ур чадвар хэдийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд дэлхийд үнэлэгдэж, шагшигдаж байна. Тэдний ур чадварыг улам сайжруулахын зэрэгцээ уул уурхайн салбарын хойч үеийн бэлтгэхийн тулд бид түншлэгч талуудынхаа өгөөмөр дэмжлэгтэйгээр  хамт олныхоо шинэ зүйлд шамдан суралцах сонирхлыг ямагт өдөөхийг хүсдэг.
  • Үүгээр дараагийн зорилтот чиглэл болох “хамтын ажиллагаа” руу яриагаа шилжүүлье.

---

ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Оролцогч талууд, орон нутаг, болон улс орны хөгжил дэвшилд хамгийн том эерэг нөлөө дуудах нэгдмэл зорилгын хүрээнд одоогийн болон ирээдүйн түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, шинээр тогтооход чин эрмэлзэл Оюу толгойд бий.
  • Уурхайн үйл ажиллагаанаас үүдэн орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөг аль болох доогуур түвшинд барихын зэрэгцээ хөгжил дэвшлийн түүчээ байхыг бид эн тэргүүнд эрмэлздэг.
  • Энэ хүрээнд хэрэгжиж буй олон ажил арга хэмжээний бахархан ярих нэг жишээ бол “Ханбогдын хөгжлийн хурдасгуур сан” мөн.
  • Ханбогд сумын хөгжилд Оюу толгой сүүлийн 20 жилийн хугацаанд хөрөнгө оруулсаар ирсэн бөгөөд энэ нь ч манай стратегийн чухал хэсэг болно. Ханбогд сумын хөгжлийн мастер төлөвлөгөө бол тус сумыг иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан, тогтвортой хөгжиж буй хот болгон хөгжүүлэх зорилготой урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
  • Энэхүү үүрэг амлалтынхаа хүрээнд Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 онд Ханбогдын хөгжлийг дөтлөх хурдасгуур санг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус сангаар дамжуулан 5 жилийн хугацаанд Ханбогдын тогтвортой хөгжилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулах юм. Энэ бол манай стратегийн чухал зорилт. Тус төслийн эхний үе шат 2026 онд дуусгавар болно.
  • Оюу толгойн нийгмийн хөрөнгө оруулалт 26 сая ам.долларт хүрснийг та бүхэнд дуулгахад мөн таатай байна.
  • Давтан хэлэхэд сайжруулах шаардлагатай ажил байгааг бид хүлээн зөвшөөрч аливаа гомдлыг орон нутгийн түншлэлээр дамжуулж шийдвэрлэхийг эрмэлздэг. Энэ жилийн хувьд бид 14 гомдол хүлээн авсны 9-ыг нь шийдвэрлээд байна. Орон нутгийн иргэдийн санал сэтгэгдэл бүрд бид өндөр ач холбогдол өгч хамтын шийдэл олохыг эрмэлздэг. Асуудлыг шийдвэрлэхийн тулд зарим тохиолдолд амаргүй яриа өрнүүлэх шаардлага ч гардаг.
  • Олон жил үр шимээ өгөх залуу уурхай үүцээ задалж буйн хувьд “саахалт айлын санаа нэг” гэдэгчлэн учир утгатай, чин сэтгэлийн харилцаатай байхыг хүсдэг.
  • Үндэсний ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгож хөгжүүлэх нь энэ стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг хэсэг. Үндэсний худалдан авалт нь нийт худалдан авалтын 88 хувьд хүрснийг дурдах нь зүйтэй бөгөөд цаашид шат ахиулсан амжилт гаргахаар ажиллаж байна.
  • Импортын бүтээгдэхүүнийг орлох “Монголд үйлдвэрлэв” зэрэг Оюу толгойгоор санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр мөнгөн хөрөнгийг хилийн наана байлгахаас гадна нэмүү өртөг шингээх орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх олон давхар ач холбогдолтой юм. 2017 онд анх хэрэгжиж эхэлснээс хойш Монголд үйлдвэрлэв төсөл 20 (жижиг) үйлдвэр төрүүлж тэр хэрээр ажлын байр, мэдлэг туршлага бий болголоо. Ажлын хувцас, өвлийн бээлий, хамгаалалттай гутал, хамгаалалтын малгайнаас авхуулаад нунтаг тээрмийн бөмбөлөг, радио шошго, 2 тонны даацтай баяжмалын уут үйлдвэрлэх зэрэг 76 төсөл хэрэгжиж бид үр шимийг нь хүртэж байгааг бахархалтай хэлдэг. Стратегийн онц чухал ач холбогдол бүхий хэсэг болох “Монголд үйлдвэрлэв” төслийн дараагийн шат ямар үр дүн авчрахыг амьсгаа даран хүлээж байна.
  • Түншлэгч талуудад хамгийн их өгөөж авчрах, итгэлцлийг бэхжүүлэх, олны итгэлийг даах бидний үүрэг амлалт гагц Өмнөговьд хэрэгжих төсөл хөтөлбөр, ажил арга хэмжээгээр хязгаарлагдахгүй.
  • Боловсролын салбар Оюу толгойн стратегийн чухал хэсэг юм. Учир нь боловсролд иргэд, тэр дундаа хойч үед урт хугацаанд үл сарних эерэг үр нөлөө бий болгох бидний зорилгын охь агуулагддаг.
  • Компанийн урт хугацааны стратегиа хэрэгжүүлэх явцад бид боловсрол, сургалтын чиглэлд хамтын ажиллагааг үндэсний олон орон нутгийн хэмжээнд хөгжүүлнэ. Тухайлбал, өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, тэдний нөхөн үржихүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор “Гэрэлт” төсөл   дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд бид эрүүл мэндийг клуб, зөвлөгөө өгөх кабинет байгуулахын зэрэгцээ олон зуун цагийн зөвлөгөөг мэргэжлийн сэтгэлзүйчээр дамжуулан хүргэж олон мянган сурагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх болон асран хамгаалагчтай ажиллалаа.
  • Цаашилбал, компанийн олон тэтгэлэгт хөтөлбөр, дадлага хийх боломж болон бусад хамтын ажиллагаа залууст ирээдүйгээ гартаа авах, амжилтад хүрэхэд нь дэмжлэг болж байна. 2010 оноос өнөөдрийг хүртэл бид үндэсний мэргэжилтэй болгох, чадавхжуулах болон боловсролын салбарт нийт 151 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Тэтгэлэгт болон бусад хөтөлбөрүүдээр дамжуулж ирээдүйн уул уурхайн мэргэжилтэн, инженер, мэдээлэл технологийн ажилтан болон байгаль орчны мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулж байна.

---

ХӨРСТ ДЭЛХИЙ

  • Бидний үйлдвэрлэх зэс хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх дэлхий нийтийн эрмэлзэл, илүү “ногоон” буюу байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд дөхөх үйл хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэнэ.
  • Энэ асар том зорилгод бид ганцаар хүрэх боломжгүй. Бид энэ зорилгод хүрэхэд юу шаардах, хэрхэн хамтран ажиллах замын зураглалаа Монгол Улсын Засгийн газар болон бусад талуудтай нягт хамтран ажиллаж гаргах шаардлагатай.
  • Бид ус ариглан хамгаалах, хэмнэх үзүүлэлтээр эхний 25 хувьд орох сайн үзүүлэлттэй боловч дахин давтагдашгүй Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буйгаа ухамсарлаж илүү сайн үзүүлэлт гаргах шаардлагатайг ойлгодог. Стратегийн хүрээнд бид үндэсний усны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллана.
  • Бид мөн биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилтдоо 2036 он гэхэд хүрэхийг эрмэлзэж байна. Ойрын хугацаанд хүрэх зорилго бол 2024-2025 онд энэ зорилгынхоо 30 хувьд хүрэх явдал юм. Ингэснээр уурхайн үйл ажиллагааны улмаар байгаль орчинд үзүүлэх нөлөөг доод түвшинд барьж, түүний хадгалалт, хамгаалалтад хувь нэмэр оруулна.
  • Байгаль орчноо хайхран хамгаалах, санаа тавих бидний эрмэлзэл уурхайн үйл ажиллагаа шууд нөлөөлж буй бүсээр хязгаарлагдахгүй. Тодруулбал, Сэлэнгэ аймагт бичил уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны улмаас сүйдсэн 400 га газарт  техникийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд цаашид ч түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллана.
  • Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Оюу толгой компани нэгдэж 100 сая модны амлалт өгсөн билээ. Улс орныг дахин ойжуулах, ойн салбарын хөгжилд хувь нэмэр үргэлжлүүлэн оруулах болно. Өнөөдрийн байдлаар бид 150 мянган мод тарьж, 9.8 сая модтой дүйцэх ажил арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

--

ХҮРТЭХ ӨГӨӨЖ

  • Энэ бүхний хоосон яриа бус ажил хэрэг болгохын тулд юун түрүүнд ашигтай ажиллаж цар хүрээгээ тэлэх бүхий л боломжийг судалж, эрэлхийлэх ёстой. Энэ бол юуны өмнө зэсийн аюулгүй бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийн тухай асуудал.
  • Гүний уурхайн үйл ажиллагаа 2022 оны 1 дүгээр сард эхлүүлж, анхны хүдэр буулгуурыг мөн оны 6 дугаар сард тэсэлж улмаар 2023 оны 3 дугаар сард гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид дэлхийд тэргүүлэх, аюулгүй бөгөөд тогтвортой зэсийн бизнес болоход замд эргэлт буцалтгүй ороод байна.
  • Хүдрийн биетийн талаарх мэдлэгээ тэлэх явцад уулын ажлын болон үйлдвэрлэлийн хамгийн оновчтой төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. Ирэх 10 жилийн хугацаанд гүний уурхайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, түүний оргил үед хүрч Оюу толгойн жинхэнэ нөөц боломжийг нээн харуулах болно. Манай жилд үйлдвэрлэх зэс 2028-2036 онд гурав дахин нэмэгдэнэ.
  • Ойрын хугацаанд ч томоохон амжилт биднийг угтах болно. Тодруулбал, 2024 онд гүний уурхайгаас зөөвөрлөх нийт чулуулгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үйлдвэрлэл 40 хувь өснө. Цаашилбал, борлуулалтын орлого 100 хувь дотоодод орж ирдгийг дурдах нь зүйтэй.
  • Шинэчлэгдсэн стратегийн дагуу бид 2030 он гэхэд бүтээгдэхүүнийхээ 5 хүртэлх хувийг шинэ зах зээл рүү нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн тээвэр логистикийг сайжруулах, оновчтой болгох арга замыг судалж байна.

--

  • Төгсгөлд нь дүгнэн хэлэхэд, хамт олон, хүдрийн биет болон түншлэл гэсэн гурван давуу байдал, стратегиараа дамжуулан асуудлыг тодорхой олгосноор дэвшүүлсэн зорилтоо хамтын хүчээр бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадна гэдэгт итгэл төгс буйгаа тэмдэглэе.
  • Хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинтогийн түншлэл бэхэжсэн нь миний итгэлийг нэмэгдүүлж буй юм. Өнгөрсөн жилийн 1 дүгээр сард харилцаа сэргэснээр нээлттэй, ил тод яриа хэлэлцээ өрнүүлэх зам сувгийг бий болгож, шийдвэр гаргах ажил хэрэгч харилцаа болсон нь эцсийн дүндээ Оюу толгойд хамгийн сайн үр дүнг авчирна гэж бид үзэж байна. Ингэснээр бүх түншлэгч талуудад өгсөн үүрэг амлалтаа биелүүлэх боломж бий болно.
  • Харилцаа бүрийн адилаар сорилт бүрийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй юм.
  • Хүндэлдэг төр, нийгмийн зүтгэлтэн болох Нелсон Манделагийн үгээр яриагаа өндөрлөе. Тэрээр “аливаа хийж дуусгахаас нааш бүх зүйл бүтэшгүй мэт санагддаг” хэмээн нэгэнтээ хэлжээ. Оюу толгойн хувьд түүний хэлснийг багахан өөрчилж “Бат бөх түншлэлийн хүчээр юуг ч хийж бүтээж болно” хэмээн хэлье.

Сэтгэгдэл бичих