Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийлээ.

Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй буй. Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тн, мидлингийн нөөц 175,006 тн, барьцалдуулагчийн нөөц 730 тн, шуудайны нөөц 383.1 сая ширхэг байна.

2023 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны тавдугаар сарын 15-ныг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана. 2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1567 МВт хүрэх таацтай байна. Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүсэх юм. Улсын хэмжээнд оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өссөн байна.

Мэдээллийн төгсгөлд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгав.

Сэтгэгдэл бичих