Монголбанк ирэх оны инфляцыг 7.8 хувь байхаар таамаглажээ

оруулсан Алсын Хараа

Монголбанк ирэх онд инфляц 7.8 хувьтай байж төвбанкны зорилтот түвшин болох 6 хувьд ойртож хүрнэ хэмээн таамаглаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10.1 хувь, Улаанбаатар хотод 10.2 хувь байгаа инфляц оны эцэст 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна. Ингэснээр Төвбанк инфляцын өмнөх төсөөллөө ахиулан тооцжээ. Төвбанк ирэх онд инфляцыг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн.

Тус банкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сарын 15-ны хуралдаанаараа бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь 2017 оны эхэн үеэс хойшхи хамгийн өндөр түвшин болж байгаа юм. Үүнээс өмнө 2022 онд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх циклээ эхлүүлж, 6 хувь байсан бодлогын хүүг 5 удаа дараалан өсгөснөөр 13 хувь болгоод байна.

Инфляц оны эцэст 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна.


Энэ онд гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч байгаа боловч зэсийн баяжмал болон нүүрсний экспортын дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр, тогтвортой байснаар уул уурхайн салбарын өсөлт эрчимжиж буйг харгалзан үзэж, мөнгө, санхүүгийн шийдвэрүүдээ гаргаж байгаа аж.

Есдүгээр сарын байдлаар инфляц 10.1 хувьтай гарчээ.

Нэмж мэдээлэхэд, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Ингэснээр энэ оны 7 дугаар сарыг эс тооцвол инфляц 22 дахь сардаа хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Инфляцын түвшин өмнөх сараасаа 0.1 хувиар өссөн бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурчээ.

Сэтгэгдэл бичих