Азийн хөгжлийн банк 1990 оноос хойш манай улсын зам, тээврийн салбарт 55 төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлжээ. Одоогоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 4 эгнээ болгох төслийн 5 багц барилгын ажил 89 хувийн хувийн гүйцэтгэлтэй байна.
Хүйтэний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлсэн бөгөөд ирэх 11 дүгээр сард багтааж, ашиглалтад оруулна. Харин Дархан-Алтанбулаг чиглэлийн 118 км авто замын засварын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК шалгарч, 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр дуусгах юм.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй авто замын төсөл хөтөлбөрүүдийн явц, шинээр хэрэгжих төслүүдээ эрчимжүүлэхээр тохирлоо.
Сайд С.Бямбацогт энэ үеэр, “Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг авто замаар холбох, хилийн боомт чиглэсэн авто зам барихад анхаарч байна. Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км, Улиастай-Алтай сумыг холбох 198 км авто замыг төслийг эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа, зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмснээр транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болгоно. Мөн Алтанбулаг, Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэх, Цагааннуур, Ярант зэрэг алслагдсан боомтуудын үйл ажиллагааг сэргээхийг зорьж байгаа”-г тэмдэглэлээ.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, цаашид бүс нутгийн авто замын хөгжилд илүү ач холбогдол өгч, хамтран ажиллахыг дурдсан юм. Уулзалтын дүнд талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр харилцан ойлголцолд хүрснийг ЗТХЯ мэдээлэв.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Хатагтай Шэннон Коулин нь олон салбарыг хамарсан уур амьсгал чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдан ажилласан 24 жилийн туршлагатай эмэгтэй. Тэрбээр, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оноос эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байгаад энэ оны наймдугаар сард тус газрын Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа.