Азийн хөл бөмбөгийн холбоо 2026 оны ДАШТ-д оролцох багуудыг шалгаруулах тэмцээнээ хамгийн бага чансаатай 20 улсын шалгаруулалтаас эхлэхээр болжээ.
Энэ шалгаруулалтын эхний тойргийн тоглолтууд ирэх Пүрэв, Мягмар гарагуудад тухайн багуудын нутагт ээлж ээлжээр зохион байгуулагдах бөгөөд учраагаа хожсон 10 баг дараагийн тойрогт өрсөлдөх юм байна.
Баг тус бүр нийтдээ зургаан багтай тоглосны дараа Азийн бусад чансаа өндөртэй багуудтай өрсөлдөх дараагийн шатанд шалгарах ажээ.
Эдгээр 20 улсын эхний тойргийн тоглолтод дэлхийн чансаагаар 158 дугаарт эрэмбэлэгддэг Афганистан, 183 дугаарт эрэмбэлэгддэг Монгол улсын шигшээ багууд оноолт таарсан байна.
“Бидний хувьд Монголын багийг хожих нь маш чухал байна. Ингэвэл дараагийн тойрогтоо Энэтхэг, Кувейт, Катарын багуудтай өрсөлдөх юм. Бид эдгээр хүчтэй багуудтай аль болох олон удаа тоглож, юу чаддагаа харуулах нь чухал байна” гэж Афганистаны багийн дасгалжуулагч Абдуллах Аль-Мутаири ярьжээ.
Талибаны дэглэм тогтсоноос хойш хоёр жилийн хугацаанд Афганистанд ямар нэг тэмцээн зохион байгуулагдаагүй тул тамирчдаа бэлдэхэд маш хүнд байгааг тэр бас ярьсан байна.
“Бидэнд дотоодын 6-7 тоглогч л байгаа. Сүүлийн хоёр жил Афганистанд тогтмол тэмцээн уралдаан зохиогдоогүй тул олон тамирчинтай байх хэцүү байна. Бусад тоглогчдоо бид Сингапур, Энэтхэг, Индонез, Гүрж, Англи, Швед зэрэг Ази, Европын орнуудад амьдардаг цагаачдаасаа бүрдүүлж байгаа” гэж Аль-Мутаири ярьжээ.
Кабулын нөхцөл байдал хүнд байгаа тул Монголын багийн эсрэг нэг тоглолтоо Афганистаны баг хөрш Тажикистан улсад зохион байгуулахаар болсон байна.
2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдах ДАШТ нь анх удаа шилдэг 32-оос 48 багийн тэмцээн болж өргөжих юм.
Ази тивээс энэ тэмцээнд найман баг өрсөлдөхөөр болжээ.
Эх сурвалж: Associated Press