“Улаанбаатар” олон улсын кино фестивалиар үзэгчдийн хүртээл болох дэлгэцийн бүтээлүүд

оруулсан Алсын Хараа

Аравдугаар сард кино шүүмжлэгчид болон сонирхогчид уйдах завгүй байх нь. Тодруулбал, 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-нд эхэлнэ. Нийслэлд долоо хоног үргэлжлэх эл үйл явдлын үеэр Монголын болон олон улсын 22 киног үзэгчдэд толилуулах юм. Эдгээрээс анхаарал татсан дөрвөн монгол киног товч танилцуулъя.

Баавгай болохсон

Гэр хороололд амьдардаг Өлзий хүү физикийн олимпиадад түрүүлж, тэтгэлэг авахыг зорино. Гэтэл ээж нь ажил хийхээр хүүхдүүдээ орхин хөдөө явснаар Өлзий дүү нараа харж хандах үүрэг хүлээх аж. Хичээлдээ шамдахын сацуу эрсдэлтэй ажил эрхлэн, түлэх нүүрсний мөнгөө олж, хүйтэн өвлийг мэнд давах амаргүй даваа түүнд тулгарчээ. Физикийн шинжлэх ухаанд хорхойссон 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон олон асуудлыг хөндсөн юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хүүгийн аялал хэрхэн өрнөхийг уг киноноос үзэх боломжтой. Тус киноны зохиолыг П.Золжаргал, Б.Дөлгөөн нар бичсэн бол найруулагчаар П.Золжаргал ажилласан юм. Тус бүтээл өнгөрсөн дөрөвдүгээр сард Канн, Бусаны кино наадам шалгарч байв. Тус кино энэ сарын 19-нд үзэгчдийн хүртээл болно.

Шар гэгээ

Үр заяасангүй хэмээн шаналж, үрийн заяа гуйж яваа Дарим, Хажид нарт Дашжил, Хоролгарав хоёр хүүгээ өргүүлнэ. Тэдний хөвүүн хүүхдүүд бүгд энддэг болохоор энэ хүүгээ  хүн болгож тогтоох арга сэдсэн нь тэр санж. Гэвч хосын золгүй хувь заяа хүүг тойрсонгүй. Аль алиндаа хүний өртэй, хүүгийн мөрөөсөл болсон гэр бүлийн хооронд юу болохыг тэд ч үл мэднэ. Төрийн шагналт Ш.Гүрбазарын зохиолоор залуу найруулагч Б.Батдэлгэрийн бүтээсэн эл кино анх удаа нийслэлчүүдийн хүртээл болох юм. Энэ сарын 17-нд “Тэнгис” кино театрын дэлгэцээр үзэх боломжтой.

Бүүвэй

Залуу найруулагч Б.Батдэлгэрийн үзэгчдэд барьж буй хоёр дахь бүтээл нь “Бүүвэй”. Монголын анхны ганц дүртэй, ганц хүнтэй кино гэдгээрээ онцлогтой. Хөдөө алслагдсан өндөр уулын бэлд нөхрөө алдаад удаагүй малчин бүсгүй бие давхар хоцорлоо. Бүсгүй  хүүгээ төртөл нутагтаа өвөлжихөөр шийднэ. Гэтэл нэгэн өглөө газар хөдлөлт болж уулын нуранги үүсэн хад чулуу, цас шороо бүсгүйг гэртэй нь дарав. Бүсгүй ухаан ороход түүний хөлөнд гэрийн унь зоогдон хөшигдөж, гэрийн дээвэр тооно тэгнэгдэн нуралгүй арайхийн тогтсон байв. Хамаг хүчээ шавхан хүүгээ төрүүлсэн бүсгүй нялх үрээ амьдруулахын тулд эгэлгүй хүч гаргана. Кино энэ сарын 19-нд гарах хуваарьтай.

Алдагдсан өдрүүд

Найруулагч Б.Гарамхандын бүтээлийг энэ сарын 17-нд үзэх боломжтой. 13 настай Анхбаяр хүү гэр бүлийн чухал аяллаас өмнө амжиж нохойгоо олох хэрэгтэй болно. Туслах хүнгүй тэрээр гудамжинд төөрсөн нохдын хамтаар эрлээ үргэлжлүүлэхээр шийднэ...

Сэтгэгдэл бичих