"Ханжөү 2022" Азийн наадмын аваргууд хаалтын ажиллагаандаа оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.
Монголын баг “Ханжөү 2022” Азийн зуны спортын XIX наадамд 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны гэсэн нийт 520 хүн оролцож, тивийн Олимпод түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдсөнөөс бокс, чөлөөт бөх, байт харвааны төрлөөр аваргын алтан медаль хүртсэн юм.
Гурван алтан медаль авснаар Монголын баг тамирчид "Ханжөү-2022" Азийн наадамд оролцож буй 45 орноос медалийн тоогоор 15 дугаар байрт (3 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медальтай), медалийн чанараар 22 дугаарт бичигдсэн амжилтаар тивийн олимпоо өндөрлүүлсэн билээ.
“Ханжөү 2022” Азийн XIX наадмын боксын төрөлд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг алтан медаль хүртсэнээр аваргын анхны шанг татсан. Тэрбээр аваргын төлөө Тайванийн тамирчин Лай Чү Энтэй тоглож 5:0 харьцаагаар ялснаар энэхүү наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг зүүсэн юм.
МУГТ Б.Чинзориг 2018 оны Жакартагийн Азийн наадамд 64 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бол 5 жилийн дараа ийнхүү медалийн өнгөө өөрчилж, аварга болсноор Монголын шигшээ багийн түүхэн дэх 25, боксын спортоос төрж буй 3 дахь алтан медальтан болсон байдаг.
Монголын багийн хоёр дахь алтан медалийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон ОУХМ Т.Тулга хүртлээ.
Тэрбээр алтан медалийн төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай барилдаж, 11:1 гэсэн онооны зөрүүгээр ялалт байгуулж, Азийн наадмын аварга болсон юм.
Харин байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан рекурв төрөлд финалд үлдэж, "Парис-2024" олимпийн эрхээ хэдийнэ өвөртлөөд байсан манай харваач Б.Отгонболд Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын харваач Жи Шиан Шоуг 6:2 оноогоор ялж, байт харвааны спортоор Азийн наадмын аварга болсон анхны монгол харваач болж, спортын түүхэн дэх нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
Тэрбээр “Ханжөү 2022” Азийн зуны спортын XIX наадмаас Монголын баг тамирчдын гурав дахь алтан медалийн эзнээр тодорсон билээ.