/BBC/. Энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч идэвхтэн Наргес Мохаммадиг тодрууллаа. Тэрбээр Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцэж, хүн бүрийн эрх, эрх чөлөөг хангахын төлөөх хүчин чармайлтынхаа төлөө энэхүү шагналыг хүртэж байна гэж Нобелийн хороо мэдэгджээ.
Н.Мохаммади нь Ираны идэвхтэн, Хүний эрхийг хамгаалагчдын төвийн дэд дарга юм. Тус төвийг Нобелийн шагналтан Ширин Эбади үүсгэн байгуулсан билээ. Идэвхтэн бүсгүй 2011 оноос хойш хэд хэдэн удаа шоронд хоригдох ял авсан бөгөөд өдгөө “суртал ухуулга тараасан” хэргээр Техраны “Evin” шоронд хоригдож байна.
Тэрбээр энэ жил мөн BBC-гээс тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр шалгарсан юм.
Өнгөрсөн онд Иран улсад эмэгтэйчүүдийн эхлүүлсэн жагсаал болсноос хойш жил гаруйн дараа Нобелийн хороо Н.Мохаммадид Энх тайвны шагнал олгох шийдвэрийг гаргалаа.
2022 оны есдүгээр сард Махса Амини гэх 22 настай бүсгүй толгойн алчуураа зохих ёсоор зүүгээгүй хэргээр Ираны ёс зүйн цагдаа нарт саатуулагдаад байх үедээ учир битүүлгээр нас барсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж, улмаар орон даяар өрнөсөн юм. Иран эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж, “эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” хэмээн хашгирч буй дүр зураг дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Харин эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарснаар намжаад байна.
Н.Мохаммади нь Иран улсын Занжан хотод 1972 оны дөрөвдүгээр сарын 21-нд төржээ. Тэрбээр Имам Хомейнигийн нэрэмжит олон улсын их сургуулийг физикийн мэргэжлээр суралцаж төгсжээ.