“Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ

оруулсан Алсын Хараа

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран  зохион байгуулж буй “Нээлттэй Хөвсгөл -2023”  өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ.

Энэ үеэр Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулж байна.

Мөн бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа юм.

Хоёр өдөр болох нээлттэй өдөрлөгийн үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлийнхөн дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг болж байна.

Сэтгэгдэл бичих