НАСА-гийн сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг Прада зохион бүтээнэ

оруулсан Алсын Хараа
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 6. /ВВС/. Италийн Прада загварын ордон “Axiom Space” компанитай хамтран 2025 онд Сар руу нисэх сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг зохион бүтээхээр болжээ.
Хамтран оролцогч “Axiom Space” компани мэдэгдэхдээ "материал ба оёдлын технологийн талаарх Прадагийн туршлага энэ төсөлд томоохон хувь нэмэр оруулна" гэлээ. Мөн Прадагийн загвар зохион бүтээх туршлагад энэ төсөл том сорилт болно гэдгийг нэгэн сансрын нисгэгч BBC-д ярьсан байна.
НАСА-гийн таван удаагийн нислэгт оролцож, дөрвөн удаа задгай сансарт гарч ажиллаж байсан профессор Жеффри Хоффман ярихдаа "Прада төрөл бүрийн холимог даавууг ашиглахдаа туршлагатай бөгөөд сансрын шинэ өмсгөлийн гадна талыг хийхэд техникийн шинэ бодит шийдлийг олж чадна" гэж хэлэв.
“Гэхдээ сансрын нисгэгчид эрээн мяраан, гоёмсог загвар бүхий өмсгөлтэй болно гэж бодож болохгүй. Дулаан сайн хадгалдаг өмсгөл л маш чухал. Сансрын өмсгөл бол ер нь бяцхан сансрын хөлөг гэсэн үг. Сансрын нисгэгчийг хүчилтөрөгчөөр хангаж, агаарын даралт, агаарын хэмийг хэвийн байлгах ёстой" гэж Ж.Хоффман хэллээ.
Энэ оны эхээр "Axiom" компани удахгүй хэрэгжих “Artemis 3” нислэгийн хөтөлбөрт зориулсан сансрын өмсгөлөө танилцуулсан билээ. Уг өмсгөл 55 кг жинтэй бөгөөд эмэгтэй нисгэгчдэд илүү тохиромжтой ажээ. "Сарны гадаргууг урьд өмнөхөөс илүү сайн судлах боломжтой болгохын тулд шинэлэг технологи, загварыг ашиглана” гэж "Artemis" төсөл ба Прада компанийн хамтарсан мэдэгдэлд дурджээ. 1972 онд “Аполло 17” хөлөг Саран дээр бууснаас хойш анх удаагаа “Artemis 3” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгчид 2025 онд Сар руу ниснэ. Тус багийн бүрэлдэхүүнд орсон Кристина Кох Саран дээр хөл тавьсан анхны эмэгтэй болох юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл бичих