Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн сургуулиудын хөтөлбөрийг Кембрижийн хэмжээнд хүргэнэ

оруулсан Алсын Хараа

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ), Боловсролын Ерөнхий Газар(БЕГ) Британийн Кембриж байгууллагатай хамтран ажиллах гэрээг өчигдөр баталгаажууллаа.

Тус гэрээ нь таван зорилтот бүлэгтэй ба энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр БЕГ, Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ), Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС) хамтран ажиллах юм.

Мөн энэ хүрээнд Боловсролын шинэчлэгдсэн хуульд тусгагдсан зургаан багц шинэчлэлд нийцсэн нэгдсэн платформыг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал

  1. Хөтөлбөр
  2. Багшийн Хөгжил.
  3. Үр дүнд суурилсан санхүүжилт
  4. Үнэлгээ
  5. Сургуулийн менежмент
  6. Цахим шилжилт.

Энэхүү зургаан шинэчлэлээр хот ба хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгана гэж БШУЯ-наас мэдээлэв.

Фиона Блайт: Аймгуудад Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд байгуулах нь өндөр ач холбогдолтой

зураг

БШУЯ

Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт "Кембриж болон Монгол Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны түншлэлийн санамж бичиг байгуулах уг үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. 2011 оноос эхлэлтэй уг хамтын ажиллагаа нь улам өргөжиж, дараагийн шатанд гарч байгаа нь тун сайн хэрэг. Нэн ялангуяа аймгуудад Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд байгуулах нь өндөр ач холбогдолтой.

БШУ-ы сайдын олон удаа хэлсэнчлэн алслагдсан сумдад сургуулиудад тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол олгох чухал юм. Британийн Засгийн газар Кембрижийнхний хийж буй ажилд талархалтай хандаж байгаа. Хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүд монгол залууст ямар үр дүн авчрахыг харахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээв.

зураг

БШУЯ

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Боловсролын багц хуульд туссан зургаан том шинэчлэлийг Кембрижтэй хамтран хэрэгжүүлнэ. Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн гуравхан сургууль байх биш төрийн өмчийн 670 сургуульд Кембрижийн чанар, элемент нэвтрэх ёстой гэж ойлгож байгаа. Тиймээс төрийн өмчийн сургуулиудын хөтөлбөрийг Кембрижийн хэмжээнд хүргэнэ, сургуулиудын менежмент Кембрижийн хэмжээнд хүрч, үнэлгээний тогтолцоог мөн Кембрижийн стандартад нийцүүлнэ. Багш бэлтгэх тогтолцоог Кембрижтэй хамтран шинэчлэх юм" гэлээ.

Сэтгэгдэл бичих