Сингапурт автомашин эзэмших эрхийн төлбөр огцом нэмэгджээ

оруулсан Алсын Хараа
СИНГАПУР,  2023 оны аравдугаар сарын 6. /CNN/. Амьжиргааны өртөг хамгийн өндөртэй орнуудын нэг болох Сингапурт автомашинтай байх нь үргэлжид тансаг хэрэглээ байсаар ирсэн бол одоо машин эзэмших эрхийн төлбөр бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрч өсжээ.
Сингапурын иргэд тээврийн хэрэгсэл худалдаж авахаас өмнө 10 жилийн хугацаатай машин эзэмших лицензийг хамгийн багадаа 76,000 ам.доллараар (104,000 Сингапур доллар) авах ёстой болсон нь 2020 оны төлбөрөөс дөрөв  дахин нэмэгдсэн байна. Энэ нь хөдөлгүүрийн багтаамж нь 1600сс ба түүнээс доош хэмжээтэй жижиг, дунд оврын  А ангиллын стандарт машин худалдаж авах лицензийн төлбөр юм.
SUV зэрэг илүү том юмуу эсвэл илүү тансаг зэрэглэлийн автомашин худалдан авах бол В ангиллын лицензийн төлбөр болох 102 900 -аас 106 630 ам.доллар (140 889 -146 002 сингапур доллар) төлөх ёстой. Үүн дээр мэдээж тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдэнэ. Газар нутаг багатай, 5.9 сая хүн амтай энэ хот улсад нийтийн тээвэр маш сайн хөгжсөн бөгөөд замын хөдөлгөөний нягтрал ба агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 1990 оноос эхлэн  квотын системийг нэвтрүүлсэн байна. Нэг өрхийн сарын дундаж орлого 2022 онд 7,376 ам.доллар (10,099 сингапур доллар) байсан үед Сингапурын дундаж орлоготой иргэд одоо машин худалдан авахгүй боломжгүй болжээ.
Автомашины худалдаа эрхэлдэг Рики Го "үнэ нэмэгдсэн тухай сонсоод ухаан алдах шахлаа. Машины борлуулалт угаасаа маш муу байсан. Одоо ийм бизнес улам хумигдана" гэж “CNN”-д ярьжээ.
Хоёр хүүхдийн ээж Вонг Хуй Мин хэлэхдээ “би хүүхдүүдээ сургууль ба усан сэлэлтийн сургалтад нь хүргэж өгөх зэрэг ажлыг машинаараа явж амжуулдаг. Надад машин хэрэгтэй. Үргэлж таксигаар эсвэл нийтийн унаагаар явах боломжгүй” гэлээ. "Сингапурчууд гэр бүл хэрэгцээний машин худалдаж авахын тулд олон жилийн турш мөнгөө хуримтлуулдаг. Би цаашид машинтай байх эсэхээ мэдэхгүй байна" гэж тэрбээр ярьжээ. Зарим хүмүүсийн  хувьд дээрх шийдвэр санхүүгийн нэлээд хүнд цохилт боллоо.
сонин mn
Сүүлийн жилүүдэд инфляц нэмэгдэж нийтийн орон сууцны үнэ өсөж, эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгараад удаж буй Сингапурт амьжиргааны өртөг улам нэмэгдсэнийг иргэд хэлж байна.
Гэхдээ одоо Бангкок, Жакарта, Ханой зэрэг Зүүн Өмнөд Азийн бусад нийслэл хотуудад гамшиг болж буй замын түгжрэлийн асуудлаас Сингапурыг ангижруулахад квотын систем тусалсан гэж уг арга хэмжээг дэмжигчид үзэж байна.
Машин эзэмших эрхийн гэрчилгээ худалдаж авах боломжгүй хүмүүс Сингапурын нийтийн тээврээр зорчиж болно. Мөн 7 930 ам.доллараар (10 856 Сингапур доллар) мотоцикль унах зөвшөөрөл авах боломжтой.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл бичих