“Ажнай” Д.Бат-Эрдэнэ цагаадчихсан уу?!

оруулсан Алсын Хараа

Б.ДАМДИН-ОЧИР

Нүүрсний хулгай гэж авлигын айхтар том заваан хэрэг бий Уг нь өнгөрсөн жилийн дүн өвлөөр нүүрсний хулгайг бүгдээрээ ярьж байгаад дэлбэ татсан. Олон улстөрч, бизнесмэнүүд, бусад хүмүүс холбогдсон. Маш том схем илчлэгдсэн. Гэвч өнөөдрийн байдлаар тэр нь эргээд булагджээ.

Жишээ нь, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд тухайн үед УИХ-ын гишүүн байсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ багтсан юм. Харин тус газраас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарлахад “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нэр байгаагүй юм. “...Хэрэг нь ЭЦА руу шилжсэн” гэх мэдээлэл гарсан. Дараахан нь “...“Тавантолгой” ХК-ийн хувьцааны асуудлыг нь АТГ шалгаж авч үлдсэн” гэсэн. “...ЭЦА руу шилжсэн” гэх хэрэг нь “...Д.Бат-Эрдэнэ 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жижиг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 / Хөрөнгө завших/-т зааснаар яллагдагчаар татсан. Мөн түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан” гэж байв. Тэгж байтал хавар дөрөвдүгээр сард Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Түүнээс хойш сураг тасрав. Мөн “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэгдэж шалгуулж эхэлсэн, бас “алга болсон нүүрсэн толгой”-г ачих үед Гашуунсухайтын гаалийг удирдаж явсан нөхдүүд өнөөдөр гаалийн байгууллагад дарга болж дэвшсээр явна. Энэ бүхнээс “...“Ажнай” Д.Бат-Эрдэнэ цагаадчихсан уу” гэдэг асуулт гараад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)

Сэтгэгдэл бичих