Засгийн газрын гишүүдийг томиллоо

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тус тус томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид өнөөдөр гарын үсэг зурж, захирамж гардуулах ёслол боллоо.

Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Борхүүгийн Дэлгэрсайхан

Ажлын туршлага:

1982-1983 онд         Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба
1987-1989 онд         Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч
1989-1992 онд         Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн  байцаах тасгийн дарга
1993-2016 онд         “Дорнын говь” ХХК-ийн  Захирал
2004-2016 онд         “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Захирал
2016-2020 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-оноос               Монгол Улсын Их Хурлын гишүүн

Томилох үндэслэл: Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзлээ.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд УИХ-ын чуулганд танилцуулахдаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр

Ажилласан байдал:
1998-2004 онд         “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш
2000-2001 онд         УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд         УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн референт,
зөвлөх
2002-2006 онд         Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын
дарга
2006-2007 онд         ХЗДХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газар
2009 онд                  УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн зөвлөх
2009-2011 онд         Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга
2011-2014 онд         Монгол Ардын Намын даргын зөвлөх
2012-2014 онд         УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
2014-2016 онд         УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх
2016-2018 онд         ХЗДХ-ийн дэд сайд
2020 оноос               Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 оноос               Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

Томилох үндэслэл: Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв. Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ.
Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Сэтгэгдэл бичих