Өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурлаа

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг пүрэв гараг бүр хүргэнэ

Мэдээллийн эхэнд “Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын А/1016 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад тогтмол хэвлэлийн бага хурал хийж мэдээллийг хүргэж ирсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа буюу пүрэв гараг бүр холбогдох байгууллагууд цаг үеийн мэдээллээ хүргэж ажиллана” гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцолж хэллээ.

Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шуурхай удирдлагаар хангахын дээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлгийг хүргэсэн. Мөн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НОБГ, НМХГ, НЦУГ, НАБТГ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс хамтран 56 удаагийн 60 гаруй цагийн хэвлэлийн хурал хийж давхардсан тоогоор 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээлэл, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ бусад мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан. Сайжруулсан шахмал түлшнээс 31 дээжийг авч шинжлүүлсэн. Нийслэлийн Онцгой комиссын даргын 07 дугаар тушаалаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 2358 алба хаагчид, 660 автомашинтай 110 хоног ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвар сайтай 28 авто машинаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд ердийн машин явах боломжгүй өндөрлөг цэгүүдээр амьдарч буй айл өрхүүдэд нийт 81 өдөр 1395 удаагийн тээвэрлэлтээр 49.6 тонн сайжруулсан түлшийг иргэдэд  хүргэсэн” гэсэн мэдээлийг өглөө.

Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” хэмээн ярилаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна.  Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья. Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих