Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

оруулсан Алсын Хараа

Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид Ханжөүгийн дэвжээнд өнөөдөр зодоглоно. Тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 53, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэв. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг өрсөлдөнө. Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанаа Энэтхэг, Тайландын бөхийн ялсантай өрсөлдөнө. Ялвал зооны аваргын төлөө “Осло-2022” ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн аварга Японы Йошимото Ремитэй барилдах магадлалтай.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа өрсөлдөж байна. Манай тамирчин эхний барилдаанаа Индонезийн Сандра Маримартай хийж 14:1 харьцаагаар яллаа. Удаах барилдаан буюу дөрөвний нэгийн шигшээд тэр Тайванийн Хсие Мен Хуантай барилдах юм. Түүний жинд 14 бөх байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваачимэг өрсөлдөнө. Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний барилдаанд хийлж дараагийн барилдаанд БНАСУ, Вьетнамын тамирчдын ялсантай нь хүч үзнэ.

Тэмцээн өнөөдөр Монголын цагаар 10 цагт эхэлсэн бөгөөд чөлөөт бөхийн тэмцээнийг UBS телевиз шууд дамжуулна.

Сэтгэгдэл бичих