НҮБ-ын цагаачлалын албаны шинэ дарга Газар дундын тэнгист анхаарал хандуулна

оруулсан Алсын Хараа

Н.ЖАРГАЛМАА

Даваа гарагт НҮБ-ын Цагаачлалын агентлагийн шинэ дарга Эми Поп Газар дундын тэнгист хүн амын нас баралт дахин нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.  Мөн энэхүү хямралыг шийдвэрлэхийн тулд улс орнуудын засгийн газартай хамтран ажиллана гэдгээ амлав.

АНУ-ын Цагаан ордны зөвлөх асан Эми Поп Олон улсын цагаачлалын байгууллагын тэргүүнээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тэрбээр 1951 онд байгуулагдсан НҮБ-ын цагаачлалын агентлагийн анхны эмэгтэй тэргүүн бөгөөд дэлхий даяар цагаачлалын асуудал тасралтгүй нэмэгдэж, зарим улс оронд улс төрийн хурцадмал байдал үүссэн хүндхэн цаг үед ажиллаж байгаа юм.

Тэрбээр анхны хэвлэлийн бага хурлын үеэр “Испани шиг ажиллах хүчээ шинэчлэх хүсэлтэй улс орнуудтай хамтран ажиллаж, цагаачлалыг эмх цэгцтэй болгоно” гэдгээ мэдэгджээ. Мөн хүн ам нь хөгширч, төрөлт багатай байгаа чинээлэг орнуудын эдийн засгийг нэмэгдүүлэхийн тулд цагаачлалын бодлогыг зөв уялдуулах хэрэгтэй гэв.

Европ руу орогнол хүсэгчдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Европын холбооны хувьд удаан хугацаанд яригдаж байгаа “толгойн өвчин” юм. Ялангуяа хууль бус цагаачдыг хүчээр буцаах нь ердийн үзэгдэл болсныг иргэний нийгмийн байгууллагууд эрс шүүмжилсээр байна.

Тиймээс Данийн дүрвэгсдийн зөвлөлийн өнгөрсөн даваа гарагт гаргасан тайланд энэ жилийн таваас наймдугаар сарын хооронд Европын холбооны хуурай болон усан замын хилээр 10 мянга гаруй цагаачдыг албадан буцаажээ.

Мөн тэрбээр “Газар дундын тэнгис орчимд хүмүүс хууль бусаар цагаачилж, тэнгисийг завиар гатлахын тулд амь насаа алдсаар байгаад би маш их санаа зовж байна. Тиймээс цагаачлалыг илүү сайн зохицуулахын тулд хувийн компаниудтай түншлэх нь үр дүнтэй гэж бодож байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)

Сэтгэгдэл бичих