Эрүүгийн 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

оруулсан Алсын Хараа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 29 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 820 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 3 мэдэгдэл холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 3 хэрэгт нийт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын удирдах албан тушаалтан “Б”, “З”, “М”, “Б” нар хахууль авсан гэх;

-“С” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Цемент Шохой” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Н”-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэх;

-Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Илч” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-Увс аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Г” нь гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;

-Яллагдагч “Б” нь "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдах албан тушаалтан “У”-тай бүлэглэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн удирдах албан тушаалтан “Ш” нь хууль бусаар мод цэвэрлэгээний огтлолын эрхийг хуваарилан өгсөн гэх;

-Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч “Д” нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хахууль авсан гэх;

-“Б” нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

-Гаалийн улсын ахлах байцаагч “Б”, “Б” нар нь албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэх;

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тушаалтан “Г” нь бусдыг залилсан гэх;

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтан “Н” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдах албан тушаалтан “Н” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-“Т” нь “Улаанбаатар төмөр зам”-ын Чойр өртөөний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх;

-Иргэн “З” нь Монголбанкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, улсад их хэмжээний хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтан “Г”, “Б” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

-“Г” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа тус үйлдвэрт хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно гэж Авлигатай тэмцэх газар мэдээлэв.

Сэтгэгдэл бичих