Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийж, хоёр асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нэр дэвшигчийн талаар танилцууллаа. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймагт төрсөн. 48 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль, 1990-1992 Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1995-1999 онд Шихихутуг их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш, 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч, 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч, 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байгаад 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Үргэлжлүүлэн нэр дэвшигч хууль тогтоомжид заасан холбогдох шаардлагуудыг хангаж байгаа талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Энэхүү танилцуулгын дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзориг нараас асуулт асууж, хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг танилцуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл бичих