Уул уурхайн салбарын уламжлалт “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн энэ сарын 3-5-нд болох гэж байна. Салбарын техник, технологийн гол чухал үйл ажиллагаанд ордог “Mongolia Mining”-гийн 12 дахь удаагийн үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуул, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, зөвлөх үнэлгээний компаниуд, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий 200 орчим бизнесийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.
Тодруулбал, БНХАУ, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, БНСУ зэрэг 20-иод орны 100-аад байгууллага, Энэтхэг улсын Уул уурхайн яам оролцохоор бүртгүүлсэн нь “Mongolia Mining” жилээс жилд өргөжиж буйг харуулж байна гэв. Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт Үйлдвэр”, “Оюу Толгой” компани ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр салбарын семинар болж, уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөөг хөндөгдөх бол хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн талаар салбарын мэргэжилтэнгүүд санал солилцож, олон улсын туршлагаасаа хуваалцах аж.
Дээрх сэдвүүдийн хүрээнд үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Эрдэнэт үйлдвэр”, Оюу Толгой”, “Эрдэнэс Тавантолгой” болон Энэтхэг улсын уул уурхайн яам, Австрали улсын уул уурхайн компаниудын мэргэжилтэн, төлөөлөгчид илтгэл тавина. Уг нээлттэй арга хэмжээ 3 өдрийн турш зохион байгуулагдана. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа”, алтан ивээн тэтгэгчээр “Грэй Стоун”, мөнгөн ивээн тэтгэгчээр“Майнс Ап” ХХК ажиллаж байна. “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаагийн спорт ордонд 3 өдөр үргэлжилнэ.