Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2171 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ тусгай нислэгээр зорчиж ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж, нийт 74 хүн хүлээн авахад бэлэн болсон талаар өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 26 иргэнийг ХӨСҮТ-ээс өнөөдөр гаргаж, гэрийн тусгаарлалтад шилжүүлэхээр болсон байна.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас өчигдөр тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд хоёулаа уушгины хатгалгаа өвчнөөр оношлогджээ. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 14 хоногийн тусгаарлалтад байсан учраас ойрын хавьталгүй байна. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь Турк, Солонгос, Энэтхэг улсад зорчиж ирсэн иргэн бөгөөд ойрын хавьтал бүхий 2 хүнийг мөн тусгаарлалтад шилжүүлжээ.
ХӨСҮТ-д 192, Цэргийн төв эмнэлэгт 42, Замын-Үүд суманд 32 болон тандалт, судалгаанд хамрагдсан 5 иргэн буюу нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.
Монгол Улсад коронавируст халдвар гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 14 бөгөөд түүнээс 2 нь эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байгаа юм. Улаанбаатар /МОНЦАМЭ/