УИХ-ын намрын чуулганы хуралдаанд өнөөдөр /2023.10.02/52 гишүүн хүрэлцэн ирж, ирц 71.6 хувьд хүрснээр нээгээд байна.
Намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхан оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ УИХ-ын бүрэн эрхийн отгон чуулган эхэлж байна. Намрын их ажил ундарсан, хүмүүсийн уур бухимдал ассан энэ өдөр чуулганыг нээж байна.
Монголын улс төр уламжлал шинэчлэлийн зааг үе туулж байна. УИХ шуурхай мэдрэмжтэй ажиллах шаардлага байна.
Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй илчлэгддэг болжээ.
Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь хүмүүсийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах шаардлага байна. Ингэж ажиллаж чадахгүй бол төр иргэдийнхээ итгэлийг алдана. Монголын төр авлига хээл хахуультай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна.
Хөгжлийг гацааж хувиа хичээсэн цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагвар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг унагаж баллуурдаж байна. Тиймээс УИХ -ын гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлд тууштай зүтгэхийг хүсч байна. Засгийн газрын энэ хүчин чармайлтыг дэмжиж ажиллах ёстой.
Яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэг нь хүргээд байгаа нийслэл Улаанбаатар хотод 30 гаруй жил ужгирсан асуудлыг шалгаж, шийдвэртэй алхам авах хэрэгтэй байна.
Энэ зорилгоор УИХ -ын хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийн асуудлыг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.
Эрхэм гишүүд, нийслэлийн хөгжлийн Түр хороо, холбогдох байнгын хороод, намын бүлгүүд энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.
Монгол төр сахилга хариуцлагын гүн гажуудалд орсон гэж ард иргэд дүгнэж байна.
Та бид өнгөрсөн чуулганыг авлигын эсрэг чуулган болгож, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг баталсан. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан нүүрсний гэх сонсголын зохион байгуулахыг ард иргэд шаардаж байна.
Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн бадйлын тухай хуулийг баталж, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардага байна.
Шүүхийн тухай хуулийн зарим заалт тухайлбал, шүүх тогтолцооны гажуудлыг засах тухай тодорхой заалт хэрэгжихгүй байгаа асуудалд тайлбар ирүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардаж байна…
УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье" гэлээ.
УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаа өндөрлөөд байгаа бөгөөд одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Түүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна.