Э.Даваанасан, Э.Дэлгэрмаа нар ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Э.Дэлгэрмаа ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ

"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн аваргын нэг мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, олимпийн хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Казахстаны Елена Шалыгинаг даралтаар, ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Францын Коумба Ларрокийг 2:1 оноогоор, АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед цэвэр даралтаар тус тус ялж финалд шалгараад байсан.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт Туркын Бусе Тосунтай барилдаж 4:3 оноогоор хожиж явсан ч хармсалтайгаар цэвэр ялагдлаа. Ингэснээр Э. Дэлгэрмаагийн хувьд залуучууд, U23, насанд хүрэгчид гэх 3 насны ангилалд дэлхийн медальтан тамирчин болж байна.

Сонирхуулахад, тэрбээр 2018 оны 9 дүгээр сарын 22-ны энэ өдөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж байсан бол, өнөөдөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөн мөнгөн медаль хүртлээ.

Э.Даваанасан ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Сербийн Белград хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд зодоглосон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан Польшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн 3 удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор тус тус хожиж Дэлхийн аваргын  алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Тэрбээр өнөөдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жингийн Дэлхийн аварга болох эсэхээ шийдэх барилдаанд АНУ-ын залуу од өсвөр, залуучууд, U23, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллын Дэлхийн аварга Амит Эйлорт 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. ОУХМ Э.Даваанасангийн хувьд ДАШТ-ээс анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл бичих