Ван И: Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

оруулсан Алсын Хараа

/TASS/. Ложистикийн хамтарсан дэд бүтэц болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажлыг талууд эрчимжүүлэх ёстой гэж БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд Ван И Москвад болсон гурван талын аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ "Бид улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцан нөхөх давуу талуудаа бүрэн дүүрэн ашиглаж, гурван улсын ард түмэнд илүү их үр өгөөж өгөхийн тулд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэх ёстой" гэсэн байна.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жадамбын Энхбаяр нар Москва хотноо аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх уулзалт хийсэн тухай ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн ажлын албаны хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлж байсан юм. Талууд нийтлэг ашиг сонирхлын өргөн хүрээний асуудлаар гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын тавцанд ба олон талт хэлбэрээр хамтран ажиллахтай холбоотой асуудлуудыг хөнджээ.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг ОХУ, БНХАУ, Монгол  Улс 2016 онд баталсан юм. Энэхүү төсөл нь дэлхийн ложистикийн сүлжээнд өрсөлдөх чадвартайгаар нэгдэх, бүс нутгийг хөгжүүлэх зорилготой. Талууд 2022 оны есдүгээр сард Самарканд хотод болсон уулзалтын үеэр хөтөлбөрийг таван жилээр сунгасан билээ.

Сэтгэгдэл бичих