"Белград-2023" чөлөөт бөхийн ДАШТ-д манай улсын эмэгтэй тамирчид маш амжилттай барилдаж дахин хоёр бөх медальт байрт шалгараад байна.
"Белград-2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн аваргын мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ, Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпын хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан юм. Тэрбээр ДАШТ-ий медалийн болзол хангах үгүйгээ шийдэх барилдаанд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед 6:0 оноогоор хожиж явахдаа цэвэр дарж финалд шалгарлаа.
“Белград 2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан эхний даваанд Польшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялж хагас шигшээд шалгарсан. Харин 1/2 шигшээд өчигдөр барилдаж, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, азийн 3 удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор хожсоноор 72 кг-ын жинд дэлхийд финалдахаар боллоо. Ийнхүү мөнгөн медалиа нэгэнт халаасалсан түүнд ДАШТ-ий аваргын төлөө хүч үзэх боломж нээгдэж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д хүч үзсэн МУГТ П.Орхон эхний барилдаандаа БНХАУ-ын тамирчин, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Ази тивийн аварга Лон Жиаг 8:5 оноогоор ялж шилдэг 16-д үлдээд, дараагийн учраа болох Канадын тамирчин, Пан Америкийн хошой аварга Ана Годинезийг 13:6 оноогоор ялж, шөвгийн наймын шигшээ барилдаанд шалгарсан. Тэмцээний 1/4 шигшээ барилдаанд "Белград 2023" ДАШТ-ий 3 дахь учраа болох ЕАШТ-ий мөнгө, хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Германы Луиза Нимештэй барилдаж 4:3 оноогоор харамсалтайгаар ялагдлаа. Луиза Нимеш хагас шигшээ барилдаанд ялагдсан тул манай тамирчин дагаж барилдах эрхгүй болж тэмцээнээ өндөрлүүлэв.