Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ээлжит 21 дүгээр Их хурал өчигдөр болж өндөрлөв. Их хуралд 1200 гаруй компани, ААН-ийн төлөөлөл, МҮХАҮТ-ын гишүүд оролцон Танхимын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон ерөнхийлөгчийг сонголоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин сонгогдсон юм.
Тэрбээр сонгогдсоныхоо дараа "Миний хувьд маш их хичээж ажиллана. Хоёргүй сэтгэлээр, жижиг хувийн эрх ашгийн төлөө бус, нэг л компанийн эрх ашгийн төлөө биш, улс төрийн намын эрх ашгийн төлөө бус, нийт нийт бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесүүд болон том бизнес эрхлэгчдийн бүгдийнх нь эрх ашгийг жигд хангаж, олуулаа монголдоо хөгжиж, баяжихын төлөө, энэ боломжийн төлөө би хичээж ажиллана. Та бүхэнд баярлалаа." гэв.
Д.Энхтүвшин бизнесийн төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд удирдан ажиллана. Ийнхүү ерөнхийлөгчөөр ажилласан О.Амартүвшин албан ажлаа хүлээлгэн өгөв. МҮХАҮТ Их хурлаараа удирдах зөвлөлийн 75 гишүүний 51-ийг сонгож, үлдсэн гишүүдийг нь Танхимын дүрмийн дагуу 21 аймгийн салбар зөвлөлөөс шууд нэмж оруулсан юм.
Танхимын ерөнхийлөгчид эдийн засаг, бизнесийн төлөөлөл 13 хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс Б.Лакшми, Ш.Отгон-Өлзий, Т.Дүүрэн нар нэрээ татаж, 10 нэр дэвшигчээс нууц санал хураалт явуулахад “Би Тү Брос” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Энхтүвшин нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга болон ерөнхийлөгч болсон юм. Нэр дэвшигч “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од нийт 138 буюу 20 хувийн санал авч удаалжээ.