Д.Цэндсүрэн: Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд 40-50 төрлийн үйл ажиллагаа явуулж байна

оруулсан Алсын Хараа
Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн үйл ажиллагааны менежер Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.
Сайн байна уу? Та. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Д.Цэндсүрэн гэдэг. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслөөс эхлэн, одоо хэрэгжиж буй Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн үйл ажиллагааны менежерээр ажиллаж байна. Дулааны инженер мэргэжилтэй. Үндсэн мэргэжлээрээ ажиллаад 19 жил болж байна.
Улаанбаатар цэвэр агаарнэмэлт санхүүжилтийн төсөл одоогоор хичнээн байршил дахь обьектэд дулаан хадгалах ажлыг хийж гүйцэтгэж байгаа вэ?
Хэдэн байршилд гэхээсээ илүү ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ тайлбарлаж хэлбэл илүү ач холбогдолтой болов уу. Улаанбаатар цэвэр агаар төсөл маань 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа.
Эхний шат нь гэр хорооллын айл өрхүүдийн халаалтын зуухыг агаарт бохирдол бага ялгаруулах халаалтын хэрэгслээр солих үндсэн зорилготойгоор хэрэгжсэн. Энэ зорилгын хүрээнд сайжруулсан зуухны хөтөлбөр, зуухны стандарт боловсруулах, бүрэн шаталтат зуух гэж юу юм, түүнийг энгийн зуухнаас хэрхэн ялгах вэ? дотоодын үйлдвэрлэгчдийн бүрэн шаталтат зуух хийх чадавхийг хэрхэн сайжруулах вэ? гэх мэт бүх зүйл дээр нь техникийн туслалцаа үзүүлж явсан.
Төслийн хоёрдугаар шат нь эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн байшин сууцыг дулаалснаар өвөл түлэх түлшний хэмжээ 2-3 дахин бага зарцуулагдаж байна гэдгийг анх гаргаж ирж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэр хорооллын айл өрхүүдийн байшин сууцыг яаж, хэрхэн, ямар технологиор дулаалбал 50 хувийн хэмнэлт гарч байгаа гэдгийг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийгээд, одоогоор 848 өрхийн байшин сууцыг дулаалсан. Үүн дотроо 100 гаруй Монгол гэрийн дулаалга хийсэн. Үүний дараагаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээндээ улсын төсөвт сургууль цэцэрлэгийн байруудыг дулаалж, хэрэв галлагаатай бол түлшний хэмжээг бууруулах, төвлөрсөн дулаанд холбогдсон бол дулааны төлбөрийг нь багасгах, мөн  сурч боловсорч байгаа хүүхдүүд болон багш ажилчдын тав тухийг хангах гэсэн чиглэлээр илүү үйл ажиллагаа явуулсан. Энэ ажил маань одоогоор 31 сургууль, цэцэрлэгийн байр, барилгыг дулаалсан байна. Дараа нь манай төсөл угсармал орон сууцны  дулаан хамгаалах ажил руу орсон.
Юуны өмнө газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг хангаж байгаа орон сууцнуудыг сонгож аваад, гадна талаас нь дулаан хамгаалах ажил хийсэн. Энэ ажилд айл өрхүүдийн оролцоо тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй гэж үзсэн учраас цонхоо солих, дулаалах ажлыг нь айл өрхүүдэд нь үлдээсэн.
Төслийн зүгээс зөвхөн гадна фасад биш суурийн дулаалга, мөн дээврийг шинэчлэн засах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Дээвэр дээр ус алддаг, ус зайлуулах систем нь хуучирч муудсан бол орхилгүй засаж, шинэчилдэг. 2020 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ 35 угсармал орон сууцны дулаан хамгаалах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн сургууль цэцэрлэгт сурч боловсорч байгаа хүүхдүүдийн дотоод орчинг ая тухтай байлгах үүднээс 1500 ширхэг HEPA филтерийг нийлүүлж, суурилуулж өгсөн. Энэ филтерийн зорилго нь гадна агаар бохирдол ихтэй хүйтний улиралд дотор агаарын бохирдлыг цэвэрлэж өгдөг. Бидний санаачилсан энэ ажил маань улс орон даяар хөдөлгөөн болж өрнөсөн байдаг. Мөн нэг чухал ажил бол түүхий нүүрс түлдэг халаалтын зуухтай сургууль цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбож өгдөг. Мэдээж хэрэг нийслэлийн, улсын өмчит сургууль, цэцэрлэгүүд байх ёстой гэсэн шаардлага бий. Энэ ажил маань одоогийн байдлаар 7 байршилд хэрэгжиж, халаалтын зуухтай сургууль цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбож өглөө. Бидний хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны гол гэж болох ажлуудаас товч дурьдахад ийм байна. Үүний цаана нүдэнд үл харагдах маш их бодлогын баримт бичиг, стандартууд боловсруулж батлуулсан байдаг. Нэг жишээ дурьдвал шөнийн цахилгааны тарифаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар тэр хураасан цэнэгээрээ гэр, байшингаа халаах арга хэмжээг санаачилж эхлүүлж байсан.
Герман улсын технологиор үйлдвэрлэсэн 400 халаагуур оруулж ирэн суурилуулж байсан. Мөн газрын гүний дулаанаар халаах нь анхны хөрөнгө оруулалт өндөр хэдий ч ашиглалтын зардал бага, агаарт хаях бохирдол байдаггүй гэдэг үүднээс туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, 24 цагийн буюу 83-р цэцэрлэг дээр төсөл хэрэгжүүлсэн.
Уг төсөл маань маш амжилттай хэрэгжиж, өнгөрсөн өвлийн ид хүйтнээр яг л ном горимын дагуу ажиллаж, ямар ч бэрхшээл гараагүй. Энэ төслийг хэрэгжүүлж байх үед анзаарагдсан зүйл нь Монгол улсад газрын гүний дулааны чиглэлээр ямар нэгэн баримт бичиг огт байдаггүй юм байна. Зураг төслийн компани ажиллах гэхээр гарийн авлага ч олдоггүй. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд ч тун ховор юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд Дэлхийн банктай хамтарч газрын гүний дулааны олон улсын стандартыг Монгол улсад нутагшуулах үйл ажиллагааг эхлүүлээд, одоогоор зөвлөх үйлчилгээг нь хийлгээд явж байна. Энэ бол манай Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хийлгэж байгаа стандарт. Өмнө дурьдсанчлан төслийн эхний шатанд сайжруулсан зуух, нам даралтын зуухний стандартыг баталж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөөд, Тамгын газар харъяа байгууллагуудаараа дамжуулж хэрэгжүүлэх ажлыг нь хийдэг юм. Хотын иргэн өөрийн эзэмшлийн 0,07 га газар дээрээ ямар стандартаар оршин суух нь шаардлагад нийцэх вэ? гэдгийг тодорхойлсон. Үүн дээр маш олон чиглэлийн мэргэжилтнүүд хамтран ажилласан. Байшин сууцны доторлогоо, ариун цэврийн байгууламж, зам талбай, хашаа хороо, зүлэгжүүлэт гээд бүх зүйлийнх нь байх ёстой стандартыг боловсруулж өгсөн. Хэрэв энэ стандарт ажил хэрэг болчихвол Улаанбаатар хотын агаарын бохирдол, гэр хорооллын хөрсний бохирдол гээд олон төрлийн бохирдол буурах юм. Энэ бүхний суурь баримт бичгийг боловсруулж өгсөн гэж ойлгож болно. Ер нь Улаанбаатар цэвэр агаар төслийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэлүүдийг жагсаавал 40-50 төрлийн үйл ажиллагаа болж байна. Манай төсөл энэ оны 12 сарын 31-нд дуусгавар болно. Манай баг 10 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Төслийн төсвийг үр ашигтай зарцуулж, өндөр үр дүнтэйгээр дуусгах гээд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна даа.
Мэргэжлийн хүний хувьд танаас асуух асуулт байна. Хөөсөнцөр материалаар орон сууц, барилгын дулаалга хийх нь зөв үү? Үүнд тавигдах стандарт гэж бий юу? 
Манай техникийн баримт бичгүүдийн суурь нь олон улсын боловсруулсан стандарт дээр байдаг. Үүнийг Монгол Улсын стандартын түвшинтэй харьцуулж үздэг. Хөөсөнцөр материалтай холбоотой олон стандарт Монгол Улсад байдаг. Гал дэмждэггүй байх, нягтаршил өндөр байх зэрэг зүйлийг ч зааж өгсөн байдаг. Манай хэрэглэж байгаа, орон сууцны дулаалгад ашиглаж буй хөөсөнцөр материалууд бол 24кг м3-аас багагүй байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Үүнийг манай инженерүүд маш сайн хянаж, мөрдүүлж ажилладаг. Мөн гал дэмждэггүй байх гэдэг стандартыг чанд мөрдөж байна. Орон сууц дулаалгад ашиглаж байгаа материалууд нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй эсэх дээр Дэлхийн Банкны төлөөллүүд ирж шалгалт хийсэн. Маш олон талаас нь авч үзсэн. Гэр хорооллын байшин сууцанд зөвхөн хөөсөнцөр гэхгүйгээр тухайн байшингийн хийцлэлээс хамаарч тохирох материалуудыг зөвлөдөг. Энэ бүхэн дээр ШУТИС-ийн барилгын дулаан хамгааллын чиглэлээр мэргэшсэн хүмүүс, эрдэмтнүүдтэй хамтарч, байнга зөвлөгөө авч ажилладаг.
Таны хувьд олон барилга байгууламж, орон сууц, сургууль цэцэрлэгийн төсөл дээр ажилласан. Өмнө нь ямар байсан, төсөл хэрэгжсэний дараа ямар болсон байгааг харахад ямар мэдрэмж төрдөг вэ?
Хөрөнгө гаргаж байгаа байгууллага буюу Дэлхийн банкнаас тавьдаг гол шаардлага яг энэ юм. Өмнө байсан байдлаасаа яаж өөрчлөгдөж, хэрхэн сайжирсан бэ? Эрчим хүчийг хэмнэх гэдэг зорилго үнэхээр биелсэн үү? Ая тухтай орчин бий болгох гэдэг зорилго нь биелсэн үү? гэдгийг биднийг оролцуулахгүйгээр тухайн төсөл хэрэгжсэн сургууль цэцэрлэг, орон сууцны оршин суугчдаас, багшаас, сурагчдаас ярилцлага авах хэлбэрээр төслийн үр дүнг тодорхойлж, үүн дээрээ үндэслэн бидний үйл ажиллагааг дүгнэдэг л дээ. Дэлхийн Банкны хөндлөнгийн хяналтаас гадна манай төслийн баг маань зун нь хийж хэрэгжүүлсэн төслийн ажлуудаа өвөл нь эргэж, ямар өөрчлөлт гарсан байна гэдэг судалгаа авдаг. Уг судалгаан дээрээ үндэслэн анализ хийж үзэхэд сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь гэж гардаг. Сургууль цэцэрлэгүүд дээр хүүхдийн анги дүүргэлт нэмэгдсэн, төсөл хэрэгжхээс өмнөхтэй харьцуулбал ханиад томуу зэрэг өвчтэй хүүхдийн тоо буурсан, халаалтанд өгдөг зардал нь харьцангуй буурсан гэх мэт маш сайхан, нааштай үр дүн гарсан байдаг. Эдгээр үр дүнгээ тайлагнаж, баримтжуулаад, хотын удирлагууд болон төслийн удирдах байгууллагад илгээдэг. Ийм сайн үр дүн гарсан байна, төсөл үр дүнгээ өгч байна гэх байдлаар л ажил маань явдаг.
Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих