Азербайжаны арми Уулын Карабахын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа эхлүүллээ

оруулсан Алсын Хараа

Азербайжаны зэвсэгт хүчин өчигдөр салан тусгаарлагдсан Уулын Карабахын нутаг дэвсгэрт “терроризмын эсрэг ажиллагаа” эхлүүлжээ. Гурван жил орчмын өмнө энэ бүс нутагт Азербайжан, Армени улсуудын хооронд богино хэмжээний дайн дэгдэж, хэдэн мянган хүний амь үрэгдэж байсан юм. Байлдааны ажиллагааны зорилго нь маргаантай бүс нутаг дахь Арменийн цэргийн байрлалуудыг устгаж, үндсэн хуулийн дэг журмыг тогтоох болохыг Азербайжаны батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Уулын Карабахын төв Степанакерт хот руу их буугаар галлаж эхэлснийг гэрчүүд мэдээлжээ.

Азербайжаны батлан хамгаалах яам мэдэгдэл гаргахаас хэдхэн цагийн өмнө дөрвөн цагдаагийн офицер, хоёр энгийн иргэн Уулын Карабахт газрын минанд амиа алдсан тухай Бакугаас мэдээлсэн юм. Арменийн зэвсэгт хүчин энэ бүс нутгийг хүчтэй минажуулсан байдаг бөгөөд сүүлийн 30-аад жилийн хугацаанд Азербайжаны талаас олон зуун хүн алагдаж, шархдаж байжээ.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Өвөр Кавказын хоёр улс Уулын Карабахын маргаанаас үүдэлтэйгээр 1990-ээд онд, 2020 онд хоёр удаа цуст мөргөлдөөнд орж байв. Уулын Карабахыг олон улсын хэмжээнд Азербайжаны нутаг дэвсгэр болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч Армени үндэстнүүд голлон суудаг энэ нутаг Зөвлөлт Холбоот Улсыг задарсны дараа Азербайжанаас салан тусгаарласан юм. Армени улсын эрх баригчид салан тусгаарлагчдыг янз бүрээр дэмждэг.

2020 онд зургаан долоо хоног үргэлжилсэн дайны үеэр Азербайжан улс тус бүс нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа авсан бөгөөд ОХУ-ын зуучлалаар галаа зогсоож байв. Тэр үеэс хойш энэ нутагт Оросын 2,000 орчим цэрэг байнга байрлаж, энхийг сахиулах болсон байна.

Сүүлийн мөргөлдөөнөөс хойш Азербайжан, Арменийн талууд АНУ, Европын Холбооны зуучлалтай хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Уулын Карабахт байлдааны ажиллагаа эхлүүлснээ Бакугийн эрх баригчид Орос, Турк улсуудад албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих