Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар

оруулсан Алсын Хараа

Төмөрбаатарын БАТСАЙХАН

МҮХАҮТ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог.  Тэгвэл ээлжит  их хурал нь өнөөдөр болж, дараагийн дөрвөн жил танхимыг хэн удирдах вэ гэдэг тодорхой болно.   Өчигдрийн байдлаар 13 хүн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүлжээ.  Үүнээс 11 хүн нь нэр дэвших болсноо олон нийтэд зарлаж, зарим нь мөрийн хөтөлбөрөө ч танилцуулаад байна.  Тэгэхээр энэ удаагийн танхимын Ерөнхийлөгчийн сунгаа нэлээд өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээтэй болох нь. Өнгөрсөн дөрвөн жил бизнес эрхлэгчдийн хувьд амар байгаагүй.  Цар тахлаас эхлээд гэнэтийн сорилт ихтэй он жилүүд байв. Энэ хугацаанд танхимын өнөөгийн удирдлагууд ажлаа хэр хийсэн бэ гэдгийг мөн өнөөдөр хэлэлцэх учиртай.  Монголд 90 мянган компани, аж ахуйн нэгж бий. Тэднийг нэгтгэж, зовлон жаргалыг нь сонсож, төр болон олон улстай харьцах гүүр болдог гэдэг утгаараа МҮХАҮТ том бүтэц.  Тиймдээ ч энэ байгууллагын гүйцэтгэх удирдлагын сунгаа олон анхаарлыг татаж буй.  Танхимын Ерөнхийлөгчийн  сунгаанд нэр дэвшигчдийн талаар “Хэн нь хэн бэ” буландаа онцолж байна.

Т.Дүүрэн дэвшиж үлдэх үү

Одоогийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин дахин танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байна.  Харин тэдний багаас МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлжээ. Хэрэв өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийг сайн, үр дүнтэй ажилласан гэж гэж үзвэл Т.Дүүрэн гишүүдийн дэмжлэгийг авах болов уу. З.Түмэнжаргал агсны хүү Дүүрэн өмнө нь  “UFC” группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.  Өнгөрсөн хугацаанд Танхимын хуулийг парламентад өргөн мэдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ажилласан гэдэг. Тэрбээр танхимдаа дэвшиж үлдэх магадлалтай нэр дэвшигчдийн нэг билээ.

Үүрэн холбооны  Д.Болор

Д.Болор нь Монголын харилцаа холбооны анхдагч компаниудаар овоглодог билээ.   Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй бөгөөд салбарын яамны Телефон радио ашиглалтын хороонд инженер, албаны ерөнхий инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар Монголын цахилгаан холбоо, үүрэн телефоны “Ньютел”, “Мобиком”, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж  байв. Мөн менежментийн сургалт зөвлөх үйлчилгээний “Эн Си Эс”, ухаалаг технологийн “Smart Store” компаниудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна. Д.Болор нь “Мобиком” группд ажиллаж байгаад “Скайтел” групп буюу өрсөлдөгч компанидаа албан тушаалд очсон нь бизнесийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн хэл аманд өртөж явсан нэгэн.   Харилцаа холбооны салбарт 40 гаруй жил ажилласан түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын гавьяат холбоочин цолоор шагнасан байдаг.

Эмэгтэй удирдагчдын төлөөлөл Б.Лакшми

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд байна.  Эмэгтэй удирдагчдын төлөөлөл болох тэрбээр боловсролтой эмэгтэйчүүдийн эгнээнд зүй ёсоор орно.  Б.Лакшми нь  Орос-Монголын хамтарсан III сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, техникийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн  бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийг эдийн засгийн шинжээчээр төгссөн. Өнгөрсөн хугацаанд “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран Моторс” ХХК-ийн захирлаар ажиллаж  байв.  Мөн сүүлийн 10 гаруй жил Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны  төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа билээ.  Мөн олон улсын байгууллага болон компаниудад зөвлөх хийдэг. Герман, англи, орос хэлтэй тэрбээр эдийн засгийн талаар шинжлэх ухааны үндэстэй, ул суурьтай, судалгаатай мэдээллийг өгдөг.  Төр засгийн бодлого, шийдвэрт анализ хийж чаддаг эдийн засагчдын нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг билээ.

Шарк Д.Энхтүвшин

“MCS" группын дэд ерөнхийлөгч асан шарк Д.Энхтүвшин  нэр дэвшиж байна.  Тэрбээр “MCS" группын удирдлагын багаас аль хэдийнэ өрх тусгаарласан хэмээн ярьдаг ч түүнийг “MCS" группээс салгаж харахад бэрх.  Д.Энхтүвшин Дорнод аймагт арван жилийн сургуулиа  төгсөөд МУИС-ийн ЭЗС-ийн менежментийн ангийг сонгож суралцсан байдаг. Улмаар 1997 онд "MCS" группдээ  санхүүгийн шинжээчээр анх ажилд орж, дэд ерөнхийлөгч болтлоо дэвшин ажилласан нэгэн. Хэрэв МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болвол ямар зарчимтай ажиллах тухайгаа тэрбээр цахим хуудастаа бичжээ.  Тэрбээр “Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.  Гэхдээ жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна. Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна" гэжээ.

Зөвлөх Л.Төр-Од

Л.Төр-Од МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.  Улс төрийн эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр МУИС, Энэтхэг улсын Хууль зүйн үндэсний их сургуульд бакалавр,  Лондонгийн  Их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуульд Олон улсын хууль зүй, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.  Мөн олон улсын "Транспэрэнси Интернэшнл" ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Үндсэн хууль судлалаар мөн мэргэшсэн хуульч билээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гишүүн, М Банк, Ашид капитал ББСБ, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Шинэ үеийн төлөөлөл Б.Гантулга

“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нэр дэвшжээ. Түүний хувьд хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байжээ. Мөн бизнесийн хү  Тэрбээр нэр дэвших болсон талаар "Хувийн хэвшлийн орчинд шинэ үе гарч ирж байгааг та бид бүгдээрээ харж байгаа, мэдэрч байгаа. Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч компаниуд одооноос бизнесийн дараагийн үеийг бэлтгэж  хоёр дахь үе ихэнх компаниудад гүйцэтгэх захирал, удирдлагын ажил эрхэлж эхлээд байгаа. Шинээр олон Старт-Ап компаниудыг залуучууд байгуулж байна. Нөгөө талаас улс төрийн намууд, төрийн бүтэц зохион байгуулалт ч шинэчлэгдэж, шинэ үе орж ирж байна. Тиймээс танхим ч гэсэн шинэ үетэй нэг хэлээр, нэг соёлоор, нэг түвшинд харилцах, ойлголцох хэрэгтэй гэж харж байна” гэжээ.

“Монгол брэнд”-ийн Ш.Отгон-Өлзий

“Монгол брэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий програм хангамжийн инженер, олон нийтийн бодлогын магистр. Түүний хувьд 2016 -2018 он хүртэл Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байснаас гадна 2015-2017 онуудад Монголын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан. Одоогоор “Монгол брэнд” холбооны тэргүүнээс гадна Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байна. Ш.Отгон-Өлзий нь нэр дэвшигчид дундаас хамгийн идэвхитэй өрсөлдөж байна.  Тэрбээр “Танхимыг тамхины цэг болгохгүй уриаг дэвшүүлжээ.

1.Танхим бизнесийнхэн учраа олдог, уулздаг ярьдаг газар байх ёстой.

2.Улс төр, бизнсийн монополь бүлэглэлээс ангид байя.

3. Төрийн дарамтын эсрэг нэг дуу хоолойтой байя гэжээ.

“Коёотэ” компанийн гүйцэтгэх захирал  Д.Бямбасайхан

“Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан “Коёотэ” ХХК-ийг удирдахаас гадна Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Д.Бямбасайхан нь өнгөрсөн хугацаанд МҮХҮАТ-ын үйл ажиллагаа, уулзалт, ярилцлагад идэвхтэй оролцож ирсэн нь Ерөнхийлөгчид өрсөлдөх бодол эртнээс тээж ирсний илрэл хэмээн харах хүмүүс ч байдаг. “Коёотэ” ХХК нь барилга орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Экс даргын дүү Т.Ганболд

“Алтан дорнод Монгол”-ын захирал, “хамар” Т.Ганболдыг олон нийт андахгүй.  Хувийн амьдралынх нь асуудал ч нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа юм. Парламентын сонгуульд нэр дэвшин хэдэнтэй өвдөг шороодож байсан тэрбээр энэ удаа  МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаанд орсон нь нэг их сонин алхам биш байлаа.  МҮХАҮТ-ын даргаар олон жил ажилласан  С.Дэмбэрэлийн  дүү Т.Ганболд МҮХАҮТ-ын ойролцоо “гүйдэлтэй” гэдэг. Танхимын хажууд сүндэрлэх Корпорэйт зочид буудал ч Т.Ганболдынх билээ.

Шинжээч Ш.Мөнхсайхан

“Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн захирал Ш.Мөнхсайхан бизнесийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа нэгэн. Энэ хугацаанд аль нэгэн намын гишүүнчлэлгүй, улс төр, төрийн албанд алба хашиж байгаагүй хэмээн өөрийгөө тодотгожээ.  Мөн  ХААИС-ийг ХАА-н гаралтай бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн шинжээч мэргэжлээр дүүргэсэн.  Улмаар МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистр, удирдлагын академийг мөн төрийн удирдлагын чиглэлээр төгсчээ.  2017 оноос хойш  “Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.  Түүнчлэн Монголын залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Намын дарга танхимыг удирдах уу?

Бүгд найрамдах намын дарга,  “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан энэ удаагийн сунгаанд хүч сорьж байна.  Түүнийг олон нийт бизнесмэн гэхээс илүү улс төрийн өнцгөөр хардаг.  МҮХАҮТ ямар нэгэн намын харьяалалгүй, хараат бус ажиллах дүрэмтэй.  Тэгэхээр энэ дүрмийн дагуу ажиллах эсэх нь намын дарга учраас эргэлзээтэй л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)

Сэтгэгдэл бичих