Монгол Улсын экспорт 29.2 хувиар өсжээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улс энэ оны эхний 8 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16 тэрбум, үүнээс экспорт 10 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (19.6 хувь) тэрбум, экспорт 2.3 (29.2 хувь) тэрбум, импорт 347.1 (6.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 160 (14 хувь) сая, импорт 172.8 (23 хувь) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард 4.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (89.5 хувь) тэрбум ам.доллароор өссөн бол энэ оны 8 дугаар сард 382 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 12.8 (3.2 хувь) сая ам.доллароор буурав.

БНХАУ-тай энэ оны эхний 8 сард  11.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байлаа. БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар Улсад экспортолсон барааны 99.6 хувийг алт эзэлжээ. Энэ оны эхний 8 сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2 тэрбум, газрын тос 135.1 сая, жоншны  хүдэр, баяжмал 96.9 сая, лаазалсан махан  бүтээгдэхүүн 91.5 сая, адууны мах 66.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 30.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн 8 дугаар сард алтны хилийн дундаж үнэ өмнөх сарынхаас кг тутамд 1481.1 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.4 ам.доллароор буурч,  зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 16.4 ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 1.6 ам.доллароор өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 8 дугаар сард 7.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.3 сая тонноор, үнийн дүн 785.5 сая ам.доллар болж, 141.3 сая ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Сэтгэгдэл бичих