Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих картаа цахимаар захиална

оруулсан Алсын Хараа

/МОНЦАМЭ/. Автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг энэ хичээлийн жилд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia платформоор өнөөдрөөс эхлэн цахимаар авч болно.

Ингэхдээ зөвхөн их, дээд сургуулийн дипломын болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагч, анх удаа тус картыг авах тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн, e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиална.

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандана. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандаж мэдээллээ шалгуулна. Мөн хөнгөлөлттэй карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд, их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх юм.

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.

Сэтгэгдэл бичих