Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс нэрээ солих уу гэсэн таамаг олон улсын хэвлэлүүдээр хөвөрсөөр байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг нийслэл Дели хотноо зохион байгуулах үеэр тус улсын Ерөнхий сайд Н.Модигийн улс орнуудын төрийн тэргүүдэд илгээсэн урилга дээр “Бхарат улсын Ерөнхий Сайд” хэмээн бичсэн байсан юм. Мөн албан ёсны арга хэмжээний үеэр ч түүний ширээнээ “Бхарат” гэсэн нэр бичээтэй байсан нь дэлхийн хэвлэлийнхний хараанд өртсөн хэрэг.
Шинэ юм гэдэг мартагдсан хуучин зүйлийг хэлдэг гэсэн хэлц бий. Үнэндээ Бхарат гэдэг нэр шинэ зүйл биш. Учир нь Монголоор Энэтхэг хэмээн нэрлэж заншсан тус улсын нэрийг төрөлх хинди хэлээр нь bharat гэдэг бөгөөд Үндсэн хуульд нь ч бичээтэй байдаг юм билээ. Харин олон улсад танигдсан India гэх нэрийг XVIII зууны үед англичууд өгсөн гэдэг.
Тэгвэл өдгөө дэлхийн тав дахь том эдийн засагтай болж, нэгэн цагт харьяанд нь байсан Их Британийг гүйцэж чадсан энэтхэгүүд англичуудын өгсөн нэрийг солих хүсэл сонирхлоо илэрхийлж байгаа улс төрийн амбийцийнх нь илрэл хэмээн зарим геополитик судлаачид дүгнэж байна. Ингэж дүгнэх гол шалтгаан нь олон улсад India хэмээн нэршиж дадсан тус улс яагаад заавал “Их 20”-ийн уулзалтын үеэр өөрийн улсын нэрийг төрөлх хэлээрээ бичив гэдэг асуултаас эхлэлтэй.
Дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс орны тэргүүдийг нутагтаа урин, дээд хэмжээний чуулган хийх үеэрээ улсын нэрээ “Бхарат” хэмээн бичсэн нь нэг талаар өөрсдийн үнэт зүйл, өв уламжлалаа хадгалж байгаагаа илэрхийлэхийг хүссэнийх гэж дүгнэж болох. Нөгөө талаар Энэтхэгийн манлайллыг олон улсад бэхжүүлэх, хэн бэ гэдгээ үргэлж санаж явдагаа илэрхийлсэн улс төрийн утга агуулга бүхий том мэссэж боллоо хэмээн судлаачид дүгнэж байна.
“НЭГ ГЭР БҮЛ, НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ИРЭЭДҮЙ”
БНЭУ өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн “Их 20”-ийг даргалж буй. Тус улс хуваарь ёсоор өнгөрсөн жил уулзалтыг зохион байгуулах товтой байсан ч Тусгаар тогтнолын 75 жилийн ойтойгоо энэхүү чуулганыг давхцуулахыг хүссэн Нарендра Моди Ерөнхий сайд Итали улсад хүсэлт тавин ээлжээ солилцож байсан түүхтэй. Тиймээс ч энэ жилийн чуулган Энэтхэг хэмээх улсын Тусгаар тогтнолоо зарласан түүхэн ойтой давхацсан хэрэг.
Энэ удаагийн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Японы Ерөнхий сайд Кишида Фумио зэрэг улс орнуудын удирдагчид оролцсон боловч манай хоёр хөршийн хувьд төрийн тэргүүд нь хүрэлцэн ирээгүй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Цин, ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров нар очсон байлаа. Мөн Украйн хэдийгээр “Их 20”-д багтдаггүй ч ерөнхийлөгч В.Зеленский урилгаар оролцож магадгүй гэсэн таамаг талаар болж, тэрбээр Дели хотноо уригдаагүй байлаа. Харин "Их 20"-ийн гаднах улс орнуудаас Испани, Бангладеш, Нигери, Маврики, Египет, Нидерланд, Оман, Сингапур, Арабын Нэгдсэн Эмиратын төр засгийн тэргүүд оролцсон юм.
“Их 20” дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халуун сэдэв болох уур амьсгал, эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн зөрчилдөөнийг хэрхэн намдаах зэрэг ерөнхий асуудлуудыг хэлэлцсэн. Эдгээрээс хамгийн чухал нь Африкийн холбоог албан ёсоор урьж, батламжилсан нь энэ хурлын түүхэн үйл явдал боллоо. "Их-20" бүлэгт Европын холбооноос гадна 19 орон багтдаг бөгөөд Африк тивээс зөвхөн Өмнөд Африк багтдаг юм. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нариндра Моди Африкийн холбоог “Их 20”-д орохыг дэмжиж буйгаа чуулганы өмнө ч илэрхийлж байсан бол тэр хүслээ биелүүлж, албан ёсоор Африкийн холбоо “Их 20”-ийн гишүүн боллоо. Ингэснээр Энэтхэгийн зохион байгуулсан 18 дахь удаагийн чуулган Энэтхэгийн гадаад бодлогыг олон улсад илүү тод харуулах боломж болсон гэж ойлгож болно. Ерөөс өнөө үеийн дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг газрын зураг дээр бус хөдөлгөөнт дэлгэц дээр аваачиж харвал асар сонирхолтой дүр зураг харагдахаар байгаа.
Тэр дундаа хүн амынхаа хувьд дэлхийд тэргүүлэх Энэтхэгийн хөдөлгөөн нь асар хурдтай өрнөж байна. Дотоод асуудлуудаас илүү гадаад руу түлхүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж, тэр ч нь оновчтой болж байгаагийн бас нэгэн илрэл нь зочдынх нь тоос намжиж амжаагүй байгаа "Их 20"-ын уулзалт билээ. Дэлхийн улс төрд тиктоникийн шилжилт явагдаж байгаа энэ цаг үед Энэтхэг байр сууриа улам бэхжүүлэхийн төлөө томоохон бэлтгэл хийж “Их 20”-ийг зохион байгуулсан нь улс орнуудын чуулган гэхээс илүү тус улсын гадаад бодлогыг томруулж чадсан үйл явдал боллоо гэж олон улсад дүгнэж байна. Учир нь БНЭУ “Нэг гэр бүл, нэг дэлхий нэг ирээдүй” гэсэн гурван салбарт тулгуурлан Их 20-ийн уулзалтыг зохион байгуулсан. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүдийг суулгаж байгаад бид нэг дэлхийтэй шүү гэдгийг зарлан тунхаглаж байгаа нь ч Н.Моди Ерөнхий сайд Энэтхэгийн олон улсын нэр хүнд, зангаргийг ч харуулаад авах шиг. Нөгөө талаар эв эвдрэлцээд байгаа улс орнуудын аль алинтай нь найрсаг харилцаа Энэтхэгт бий. Өнгөрсөн жил Украйны Ерөнхийлөгчтэй гар атган мэндэлж байсан Ерөнхий сайд Н.Моди В.Путиныг ч эрс шийдэмгий буруутгадаггүй. Тиймдээ ч НҮБ-ын санал хураалтад Монголтой адил түдгэлзсэн санал өгч, төвийг сахисан байр суурь баримталдаг билээ.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)