ТРИПОЛИ. /DW/. Ливийн зүүн нутагт үер буусны улмаас амиа алдсан хүний тоо 5100 давсан тухай холбогдох албаныхан лхагва гарагт мэдээлжээ.
Зүүн нутгийн Дерна хотод олон мянган сураггүй болоод байгаагаас гадна олон арван мянган хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна. Газрын Дундад тэнгисийн “Дэниел” шуурга Ливийг ням гарагт дайрч, хотын ойролцоох хоёр далан сэтэрчээ.
Дернад 7000 гаруй хүн гэмтэж бэртээд байна гэж хүмүүнлэгийн ажилтан Оссама Али “Associated Press” агентлагт мэдээлжээ. Тэдний дийлэнх нь төрийн байгууллага, тусламжийн агентлагуудын дэлгэсэн хээрийн эмнэлэгт эмчлүүлж байна.
Дерна хотын захирагч Абдулменам Аль-Гайти байгалийн гамшигт 20 мянган орчим оршин суугч амиа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, Дернад үерийн улмаас 30 мянга орчим хүн орон гэргүй болжээ. Түүнчлэн олон зам их хэмжээгээр эвдэрч сүйдсэн тул хотод хүмүүнлэгийн ажилтнууд хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Дерна нь Газрын Дундад тэнгисийн эрэгт эгц уулсын бэлд оршдог байна. Өмнөд талаасаа хоёрхон зам ашиглах боломжтой хэвээр байгаагийн улмаас хүмүүнлэгийн ажилтнууд хүрч очиход хэцүү байгаа ажээ. Гамшигт амь эрсэдсэн хүмүүсийн цогцос эрэг рүү урсаж ирсээр байгаа тул амиа алдагсдын тоо цаашид өсөх хандлагатай байна гэж хүмүүнлэгийн ажилтнууд болон албаны хүмүүс мэдэгджээ.