Кишида Фүмио Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнээ өөрчиллөө

оруулсан Алсын Хараа
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр буюу лхагва гарагт Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.Засгийн газрын бодлогыг дэмжих иргэдийн дэмжлэг буурах хандлагатай байгаа энэ үед шинэ засгийн газрын танхимд таван эмэгтэй сайдыг томиллоо.
Энэхүү шинэчлэл нь эрх баригч Либерал Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын дараагийн сонгуульд ялах замыг засаж, 2024 онд болох намын даргын дотоод сонгуулийн өмнө нам доторх  дэмжлэгийг бэхжүүлнэ гэж К.Фүмио найдаж байна.
Тэрбээр хэд хэдэн гол гишүүнээ авч үлдэн 19 сайдаас 11-ийг нь шинээр томиллоо. Парламентын ахмад эмэгтэй гишүүн, Хууль зүйн сайд асан, Камикава Йоко Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. Сангийн сайд Сүзүки Шүничи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Мацүно Хироказу, Аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтоши нар албан тушаалдаа үлджээ. Мацүно, Нишимүра нар консерватив байр суурьтай гэдгээрээ алдартай.
"Миний дугаар" иргэний үнэмлэхний систем, инфляц, цалин нэмэгдэхгүй байгаа зэрэг асуудлаас болж иргэд бухимдаж, олон нийтийн санал асуулгаар засгийн газрыг дэмжигчдийн түвшин буурч байгаагаас үүдэн К.Фүмио энэхүү өөрчлөлтийг хийж байна.
Бодлогын залгамж чанарыг хадгалах үүднээс цахимжуулалтын асуудал эрхэлсэн сайд Коно Тарог авч үлджээ. Тэрбээр Жоржтауны их сургуулийг төгссөн, өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан, олны дунд нэр хүнд сайтай бөгөөд “Миний дугаар” картын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэгийн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан Кихара Минорү Батлан ​​хамгаалахын сайдаар сонгогдов. Кихара бол Тайваньтай харилцаагаа хөгжүүлэх зорилготой, хоёр намын бүлгийн ахмад гишүүн юм.
Эрүүл мэндийн сайдаар Такеми Кейзо, Сэргээн босголтын сайдаар Цүчия Шинако, Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын аж ахуйн сайдаар Мияшита Ичиро нарыг томилжээ. Гэсэн хэдий ч энэ өөрчлөлт нь Кишидагийн Засгийн газрын бодлогыг дэмжигчдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэх эсэхийг харах л үлдлээ гэж улс төрийн шинжээчид үзэж байна.
Өнөөдөр буюу лхагва гаргийн үдээс өмнө К.Фүмио эрх баригч намын удирдлагыг сольсон юм. Намын дөрвөн гол удирдах албан тушаалтнуудаас Ерөнхий нарийн бичгийн дарга Мотэги Тошимицү, Бодлогын дарга Хагиүда Коичи нарыг  хэвээр үлдээж, Ерөнхий сайд асан Обүчи Кейзогийн 49 настай охин Обүчи Юког сонгуулийн кампанит ажлын тэргүүнээр томилов. О.Юкогийн томилгоо нь эрэгтэй улстөрчид давамгайлсан гүйцэтгэх засаглалын имижийг өөрчлөн сэргээх зорилготой бөгөөд тэрбээр 2014 онд улс төрийн санхүүжилтийг буруугаар ашигласан дуулианы улмаас Аж үйлдвэрийн сайдын албан тушаалаасаа огцорч байжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих