ВОСТОЧНЫЙ САНСРЫН БУУДАЛ /Амар муж/. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийсэн хэлэлцээ дуусаж, ганцаарчилсан уулзалт эхэллээ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
Оросын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд бөгөөд Аж үйлдвэрийн сайд Денис Мантуров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Шадар сайд Алексей Оверчук, Шадар сайд Марат Хуснуллин, Тээврийн сайд Виталий Савельев, Байгалийн нөөцийн сайд Александр Козлов нар оролцжээ.
Ким Жөн Уныг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, Хөдөлмөрийн намын Төв хорооны цэргийн удирдлагын хэлтсийн дарга Пак Чон Чон, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Ли Бён Чол нар дагалдан явж байна.
ОХУ, БНАСАУ-ын удирдагчид хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Эхний уулзалт 2019 онд Владивосток хотод болсон билээ. Тухайн үед өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ гурван цаг хагас орчим, ганцаарчилсан хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн байна.
Удирдагчид өнөөдрийн хэлэлцээний дараа хамтарсан тунхаг зэрэг ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй гэж Д.Песков мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг